"Найрамдлын автобусны 18 буудлыг карман зогсоолтой болгох, усны хоолойг суурилуулах ажил эхэлсэн. Авто замын суурь хучилтыг тавих бэлтгэлээ хангаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх хоёр эгнээ, 16 километр авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Тэр цагаас хойш урсгал засвар хийлгүй явсаар өнгөрсөн онд буюу 2024 оны есдүгээр сард авто замыг засварлах ажил эхэлсэн билээ. Нийслэлээс гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр авто замыг шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэл найман километр замыг бүрэн засварлаж, хөдөлгөөнийг нээсэн юм. Уг замыг засах тендерт гурван удаагийн маргаан гарч, хугацаа нь хойшилсоор "Билэгт зам" компани шалгарсан түүхтэй.

Харин тус замын энэ оны засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

-Найрамдлын авто зам засварын ажил эхэлсэн үү, явцын талаар мэдээлэл өгөөч?

-2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд авто зам засвар, шинэчлэлийн ажил эхэлсэн. Одоогоор Орбитын тойргийн уулзвараас Найрамдал зуслан хүртэл 18 ширхэг автобусны буудлыг карман зогсоолтой болгох, авто замын хашлагатай хэсгийн хашлагыг солих, авто зам доогуур борооны ус зайлуулах хоолойг суурилуулах ажлыг эхлүүлсэн бол авто замын цементээр бэхжүүлсэн суурь хучилтыг хийх бэлтгэлээ хангаж байна.

Уг авто замд автобусны карман зогсоолгүй байсан, нийт 16 километр дөрвөн километр орчимд хуучин байсан бродюруудыг шинэчлэн сольж байгаа юм. Эдгээр ажлыг өнгөрсөн жил тендерт шалгарсан "Билэгт зам" компани үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. 

-Авто замын шинэчлэлийн хүрээнд явган хүний болон дугуйн зам тавигдах уу?

-Хуучин байсан явган хүний замыг сэргээн засварлаж байгаа. Харин шинээр дугуйн зам болон явган хүний зам тавихаар гэрээт ажилд тусгагдаагүй. Авто замын хувьд хуучин хоёр эгнээ замыг л шинэчилж байна, өргөсгөхгүй.

-Наадмаас өмнө Найрамдал зуслан чиглэлийн авто замыг бүрэн шинэчилж дуусах уу, хяналт хэр тавьдаг вэ?

-Орбит, Тахилтаас Найрамдал зуслангийн хаалга хүртэл 12 километр авто замтай. Үүнээс өнгөрсөн жил дөрвөн километр замыг шинэчилж дуусгасан юм. Мөн Найрамдал зуслангийн хашаан доторх дөрвөн километр замыг өнгөрсөн жил шинэчилсэн. Энэ жил үлдсэн найман километр замын зорчих хэсгийг зургаадугаар сарын 20-н гэхэд шинэчилж дуусган хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна. Энэ засварын үеэр хоёр километр гаруй замын суурийг солино. Авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, иргэдийг түр замаар зорчуулна.

Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлыг бүхэлд нь наадмаас өмнө дуусгана.

Өнгөрсөн жил уг найман километр замын заадас, нүхэн эвдрэлийг засаж дуусгасан юм. 

Авто замын бүтээн байгуулалтын талбай дээр өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.