Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг засварлаж, шинэчлэх ажил өнгөрсөн есдүгээр сарын 17-нд эхэлж байв. Уг замыг засах тендерт гурван удаагийн маргаан гарч, хугацаа нь хойшилсон ч "Билэгт зам" компани бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр шалгарчээ.
Зам засварын бүтээн байгуулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар хэдэн хувьд хүрснийг НЗХГ-ын дарга Б.Одбаяраас тодруулахад "Найрамдал зуслан чиглэлийн 15.7 километр замын Буман-Өлзий хорооллоос цааш эхний дөрвөн километрийг бүрэн засаж, хөдөлгөөнийг нээсэн. Замыг засахдаа хоёр километрээр хэсэгчлэн хааж, засаж дууссаны дараа хөдөлгөөнийг нээх зохион байгуулалттай ажиллаж байгаа юм. Одоо зургаа дахь километрийг засаж байгаа тул есөн километрийг засах үлдэж байна гэсэн үг.
Зуслангийн суурьшлын бүсэд хашлагын ажил 60%-д хүрсэн, үүний дараа замын хучилтын ажил үргэлжилнэ. Хуучин замын нэг километр орчим газарт үйрч, бутарсан хашлагыг солино. Бусад хэсэг нь хөвөөгүй зам юм.
Өнөөдрийн байдлаар Найрамдал зуслангийн зам засварын ажлын явц 40 гаруй хувьд хүрсэн. Энэ хугацаанд иргэдийг түр замаар зорчуулж байгаа бөгөөд өдрийн цагаар усалгаа хийж, шороо тоосыг дарж байна. Түр замыг оройн цагаар услахаар зайрмагтаж, гулгаа үүсээд байгаа тул өдөрт нэг удаа усалдаг болсон.
Найрамдал зуслангийн замыг 11 дүгээр сарын 1-н гэхэд шинэчилж дуусгана гэж төлөвлөж байна.
Явган хүний болон дугуйн замыг төлөвлөсөн ч одоо түр зам байдлаар ашиглаж байна, авто замын ажлаа дууссаны дараа эдгээр замыг тавина" гэж ярилаа.
Авто замыг засаж буй технологийн хувьд "Хуучин авто замын солих шаардлагагүй хэсгийг цементээр бэхжүүлж 20см зузаан болгосны дараа дөрвөн сантиметр суурь асфальт үүн дээр таван сантиметрийн зузаантай өнгө асфальтаар хучиж байгаа юм. Зарим газраа суурь болон өнгө асфальт 11 см ч хийгдэж байгаа. Авто замын хөрсөөр нь солих хэсгийг хүчитгэхгүйгээр хуулж, шинэчилж байна" гэв.
22 орчим тэрбум төгрөгөөр уг замыг засаж, шинэчлэхээр болсныг анх мэдэгдэж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!