Уншиж байна ...

Ц.Төрхүү: Найрамдал зуслангийн замыг хоёр километрээр хэсэгчлэн хааж, засна. Энэ үеэр иргэдийг түр замаар зорчуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Тахилтын уулзвараас Найрамдал зуслангийн уулзвар хүртэлх 15.7 км замыг засаж, шинэчлэх ажил эхлээд буй. Зам засварын үеэр түр зам гаргах юм байна.

Энэ талаар УБЗАА-ны дарга Ц.Төрхүү "Найрамдал зуслангийн замыг ямар технологиор засах талаар инженерүүдтэй зөвлөлдөж, 2, 2 км-ээр хэсэгчлэн хааж, хучилтаа хийх шийдэлд хүрч байна. Энэ хугацаанд хажуугаар нь иргэдэд зориулсан түр зам гаргана. Хоёр километр замаа засаж дууссан хэсгийн хөдөлгөөнийг нээж, дараагийн хоёр километр замыг засах зарчмаар ажиллахаар боллоо.

Түр замыг өглөө, оройд усалж, шороо тоос босгохгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ.

Уг замыг засах тендерт гурван удаа маргаан гарч, зам засварын ажил хойшлогдсон. Гүйцэтгэгч компанийн зүгээс цаг агаарын байдал тогтуун байх учир аравдугаар сарын 15-н гэхэд зорчих хэсгийг нээхээр төлөвлөж байгааг хэлсэн" гэж мэдээллээ.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Технологийн хувьд одоо байгаа замд нөхөөс хийгээд цементээр бэхжүүлсэн хучилт хийж гурав хоног болгоно. Үүний дараа 9см-ийн зузаантай асфальт бетоноор хучиж, замын тэмдэг, тэмдэглэгээг хийнэ" гэв.

Найрамдал зуслангийн зам нь хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна.