Уншиж байна ...

Пентагон: АНУ хэзээ ч Иран улсыг цөмийн зэвсэгтэй болгохгүй

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт нар

Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх дипломат арга замыг Трампын засаг захиргаа эрэлхийлэх бөгөөд энэ нь бүтэлгүйтвэл АНУ-ын зэвсэгт хүчин “илүү нухацтай арга хэмжээ” авахад бэлэн байгааг Пентагоны тэргүүн Ням гарагт мэдэгджээ.

АНУ болон Ираны дипломатчид Бямба гарагт Ойрх Дорнодын Оман улсад шууд бус яриа хэлэлцээг эхлүүлсэн юм.

Энэхүү уулзалтыг АНУ-ын батлан хамгаалахын сайд Пи Хэгсэт “бүтээмжтэй”, “сайн алхам” болсон гэж дүгнэжээ.

Тэрбээр өчигдөр CBS News сувгаар ярихдаа “Дахин хэлэхэд бид хүч хэрэглэхийг хүсэхгүй байна. Гэхдээ шаардлагатай бол Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх арга хэмжээг авах болно” гэж хэлсэн юм.

Лхагва гарагт Трамп хэлэхдээ бас Оманы яриа хэлэлцээ бүтэлгүйтвэл Израиль улстай хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах “бүрэн боломжтой” хэмээн анхааруулж байв.

“Хэрвээ зэвсэг хэрэглэх шаардлага гарвал бид хэрэглэх болно. Израиль улс үүнд тэргүүлэх үүрэгтэй оролцох нь ойлгомжтой” гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ.

Өнгөрсөн сард Трамп цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх саналыг Тегераны эрх баригчдад илгээж байсан юм. Ингэхдээ бас л саналыг хүлээж авахгүй бол хүч хэрэглэхээр сүрдүүлж байв.

Эхэндээ Ираны эрх баригчид Трамптай шууд яриа хэлэлцээ эхлүүлэхгүй гэж мэдэгдэж байсан бол сүүлд АНУ-ын төлөөлөгчидтэй Оманд дундын зуучлагчаар дамжуулан уулзахыг зөвшөөрсөн юм.

Трамп өмнөх засаг захиргааныхаа үед буюу 2018 онд Иран улстай дэлхийн их гүрнүүдийн байгуулсан гэрээнээс АНУ-ыг гаргаж байлаа.

Тэр үеэс хойш Иран улс уран баяжуулалтаа улам эрчимжүүлж, цөмийн зэвсэгт ашиглах түвшинд хүрэхэд тун ойрхон болсон гэж шинжээчид үздэг.

 

Эх сурвалж: AFP