Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, автомашины зогсоол, хайс, гарааш буулгах ажлын явцыг танилцуулж, цахилгаан, дулааны шугам, авто замын засварын ажилтай холбоотойгоор холбогдох албаныханд үүрэг өгчээ.
Мэдээллээс багцлахад нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлын хүрээнд 18 байршилд 180 ширхэг гарааш чөлөөлсөн бол таван байршилд хашаа хайс чөлөөлжээ.
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд энэ онд 4,100 нэгж талбарын 221.7 га газар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 199 нэгж талбарын 91,549 мк,в газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн байна.
Сэлбэ дэд төвийн орон сууцжуулах төсөлд 158 га газарт нийт 2,206 нэгж талбар өртсөн бөгөөд хөрөнгийн үнэлгээний хэмжилтийг 1,750 нэгж талбарт хийж, 1,700 орчим айлын нөхөх олговрыг олгожээ.
Харин нийслэлд хийх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг олон нийтэд тогтмол мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!