Ватиканы захиргаа өчигдөр Ромын католик сүм хийдийн тэргүүн агсан пап Францискийн амьсгал хураахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үгийг албан ёсны хэвлэлээрээ дамжуулан тараажээ.
Аргентины уугуул пап Даваа гарагийн өглөө 88 насандаа цус харвасны улмаас тэнгэрт хальсан юм.
Тэрбээр сар хүрэхгүй хугацааны өмнө уушгины давхар хатгалгаагаа эмчлүүлсний дараа эмнэлгээс гарч байжээ.
Пап хамгийн сүүлд “Намайг талбайд гаргасанд баярлалаа” гэж өөрийн хувийн асрагч Массимилиано Страппеттид хэлснийг “Vatican News” сонин өчигдөр мэдээлсэн юм.
Ням гарагт пап улаан өндөгний баяр тэмдэглэж буй сүсэгтнүүдтэй мэндчилэхээр Гэгээн Петрийн талбайд гарч ирж байв.
Энэ үеэр тэр нэлээд ядрангуй харагдаж байсан юм.
Талбайд гарахаасаа өмнө пап “Би үүнийг хийж чадна гэж бодож байна уу?” гэж асрагчаасаа асууж байжээ.
Пап өөрийн автомашинаар талбайг тойроход 15 минутыг зарцуулсан юм.
Үдээс хойш нь пап өрөөндөө амраад орой нь хоолоо хэвийн зооглож байжээ.
Даваа гарагийн өглөөний 5:30 цагийн үед түүний бие эрс муудаж эхэлсэн гэнэ.
Үүнээс хойш цаг гаруйн дараа пап асрагч руугаа гараа далласныг “салах ёс гүйцэтгэх” үйлдэл байсныг “Vatican News” мэдээлжээ.
Папын нас барсныг 7:35 цагт зарласан юм.
“Тэр огт зовж шаналаагүй. Энэ бүхэн тун хурдан болсон” гэж папын дэргэд байсан хүмүүс ярьсан байна.
Италийн засгийн газар өчигдөр таван өдөр үргэлжлэх үндэсний гашуудал зарласан юм.
Үүний дараа буюу Бямба гарагт Ромын католик сүм хийдийн тэргүүнийг Гэгээн Петрийн цогчин дуганд оршуулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
|