Энэ оны эхний улиралд Теслагийн ашиг 71 хувиар буурч, Илон Маск төрийн ажилд оролцохоо багасгахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани энэ оны эхний улирлын санхүүгийн үр дүнг хөрөнгө оруулагчдадаа танилцуулжээ.

Эхний улирлын борлуулалтын орлого жилийн өмнөх үеэс 9 хувиар буурсан нь энэ үеэр харагдсан юм. Тухайлбал өнгөрсөн гурван сарын хугацаанд Тесла $19.3 тэрбумын орлого олсон нь Уолстритийн тооцоолж байсан $21.45 тэрбумд хүрээгүй байна.

Мөн компанийн ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеийн $1.39 тэрбумаас 71 хувиар буурч, $409 саяд хүрчээ.

Өнгөрсөн улиралд Тесла 336,681 ширхэг автомашин зах зээлд нийлүүлсэн нь жилийн өмнөх мөн үеэс 13 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Энэ нь 2022 оноос хойших хамгийн цөөн автомашин борлуулсан улирал болжээ.

Теслагийн санхүүгийн үзүүлэлтүүд муудахад тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн оролцоо нөлөөлсөн нь тодорхой байгаа.

Тухайлбал тэр одоо Трампын засаг захиргаанд төсвийн хэмнэлт, үр ашигтай байдлыг хариуцсан Doge (Departament of Government Efficiency) агентлагийг удирдаж байгаа юм.

Өчигдрийн хурлын үеэр Маск төрийн албанд гүйцэтгэж буй ажлын ихэнх зорилго нь биелсэн тул ирэх сараас эхлэн оролцоогоо эрс хязгаарлахаар болсныг мэдэгджээ.

“Ирэх сараас миний Doge агентлаг дахь оролцоо эрс багасах болно” гэж Маск хэлээд долоо хоногийн нэгээс хоёр өдрийг л төрийн ажилд зарцуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.

Гэхдээ Маскийн энэ шийдвэр Тесла компанийн алдсан нэр хүндийг сэргээх эсэхэд хөрөнгө оруулагчдын зарим нь эргэлзэж байна.

“Цагаан ордноос Маск явсан ч брэндийн хохирол тэр дороо буцаж сэргэхгүй байх. Харин Тесла өөрийн хамгийн чухал хөрөнгө болох стратегийн сэтгэгчээ буцаан авч, байнга ажиллах гүйцэтгэх захиралтай болсноор урт хугацаандаа ашигтай байх болно” гэж Wedbush Securities компанийн шинжээчид дүгнэжээ.

Нөгөө талаар Трампын засаг захиргааны өдөөсөн худалдааны дайн Теслагийн цаашдын үр дүнд нөлөөлөхөөр байгааг шинжээчид анхааруулж байна.

Америкийн бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад Тесла ихэнх үйлдвэрлэлээ АНУ-ын нутаг дэвсгэрт явуулдаг ч зарим эд ангиа гадаадаас импортолдог юм.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг