Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилга хазайлт өгч, хагарч цуурчээ.
Энэ тухай тус төвийн захирал Д.Уранбилэг "Хүүхдийн урлан бүтээх төв 1988 онд анх үүсгэн байгуулагдаж 1958 онд баригдсан буюу үндсэндээ 67 жил болж байгаа барилгад үйл ажиллагаа явуулж байна. Тус төвд жил бүр 1,800-2,100 хүүхдийг дүрслэх урлаг, гар урлалд үнэ төлбөргүй сургаж хөгжүүлдэг. Гэтэл барилгын хувьд чанар, стандарт хангахгүй, суулт, хазайлт өгч, хагарч цуурсан. Хүүхэд аюулгүй орчинд сурч, хөгжих нөхцөл бүрдэхгүй болоод байгаа юм.
Төвийн барилга 2021 онд Соёлын дурсгалт өвийн барилгын жагсаалтад бүртгэгдсэн. Хоёр жилийн өмнө барилгыг бүрэн хүчитгэх зураг, төслийг хийлгэж магадлуулсан юм. Барилгыг хүчитгэх ажил энэ жил нийслэлийн Засаг даргын хөгжлийн зорилтод багтсан ч төсөвт тусгагдаж амжаагүй.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлт их болж байгаа болохоор 2,000 хүүхдийн аюулгүй байдал, амь настай холбоотой эрсдэлт хүчин зүйл үүссэн" гэж ярилаа.
Түүний хэлснээр Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга нь соёлын дурсгалт өв тул нураахгүй, хүчитгэх юм байна.
НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид уг тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, шийдэл гарцыг хайж байгаагаа илэрхийлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
|