Лхагва гарагийн шөнө болсон агаарын тулаанд Хятадад үйлдвэрлэсэн Пакистаны сөнөөгч онгоцнууд Францад үйлдвэрлэсэн Энэтхэгийн сөнөөгч онгоцнуудыг устгасан тухай мэдээ дэлхийн зэр зэвсгийн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байна.
Пакистаны тал уг тулаанд өөрийнх нь J-10C загварын онгоцнууд Энэтхэгийн таван онгоцыг унагасны гурав нь Францын Rafale сөнөөгчид байсныг мэдээлсэн юм.
Тэгвэл үлдсэн хоёр нь Оросын МиГ-29, Су-30 сөнөөгч онгоцнууд байсныг сүүлд бас мэдээлжээ.
Энэтхэгийн агаарын хүчний зэвсэглэлд Оросын үйлдвэрийн нисэх онгоцнууд голлодог байснаа сүүлд Францын сөнөөгч онгоцнуудаар шинэчилж эхэлсэн юм.
Дээрх үйл явдал нь орчин үеийн байлдааны техникүүдийг жинхэнэ тулааны талбарт туршсан ховор тохиолдол болж байгаа.
Rafale бол Францын Dassault Aviation компанийн үйлдвэрлэсэн хос хөдөлгүүртэй, олон үүрэгтэй сөнөөгч онгоц юм.
Энэ онгоцыг дэлхийн цөөхөн улс зэвсэглэлдээ ашигладаг ба Энэтхэг улсад 36 ийм онгоц байдаг. Саяхан нэмж 20 гаруйг худалдаж авах гэрээ байгуулж байв.
МиГ-29 болон илүү том хэмжээтэй Су-30 бол Зөвлөлтийн үед зохион бүтээж, ОХУ-д үйлдвэрлэсэн хос хөдөлгүүртэй, олон үүрэгтэй байлдааны нисэх онгоцнууд юм.
Эдгээр нь дэлхийн олон арван улсын зэвсэглэлд байдаг.
МиГ-29 сөнөөгчийг анх 1980-аад оны эхээр АНУ-ын F-15, F-16 онгоцнуудтай өрсөлдөх зорилгоор үйлдвэрлэж эхэлжээ.
Харин Су-30 онгоцыг үүнээс арваад жилийн дараа үйлдвэрлэж эхэлсэн юм.
Энэ онгоц одоо Энэтхэгийн агаарын хүчний гол зэвсэг болдог.
Энэтхэг, Пакистаны агаарын тулааны тухай мэдээллийг Франц, АНУ-ын албаныхан тус тусын эх сурвалжаар баталгаажуулахаар ажиллаж байна.
АНУ-ын албаны эх сурвалж энэ тулаанд Хятадын үйлдвэрийн J-10C сөнөөгч онгоцнууд оролцож, Энэтхэгийн дор хаяж хоёр онгоц сөнөснийг баталжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
157 СЭТГЭГДЭЛТЭЙ
|