Европа лигийн шигшээд Английн багууд өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 21-нд Испанийн Билбао хотод Европа лигийн шигшээ тоглолт болно. Хагас шигшээд учраа таарсан Английн "Тоттенхэм", Норвегийн "Будё-Глимт" багийн хариу тоглолтод Лондоны баг 2:0-ээр буулган авлаа.

Грек мэргэжилтэн Анже Постекоглугийн ажилдаа үлдэх ганц найдвар болоод буй тус тэмцээнд "Тоттенхэм" нийлбэр дүнгээр 5:1 илүүрхсэн юм.

Ийнхүү "Тоттенхэм" клуб Европын лигийн цомын шигшээд зургаа дахиа тунаж байна. Хамгийн сүүлд 2019 оны Аваргуудын лигийн шигшээд "Ливерпуль"-тэй учраа таарч, 0:2-оор дийлдэж байв.

Тэд 1963 онд Цомтой багуудын цомын тэмцээнд Испанийн "Атлетико Мадрид"-ыг хожиж түрүүлсэн бол 1972 онд "UEFA Cup" (хожим Европа лиг болсон)-д нутаг нэгт "Волверхэмптон"-ыг хожсоноор аваргын цом өргөсөн түүхтэй. Энэ тоглолт бол Английн багууд Европын цом булаалдсан анхны тохиолдол.

Дээрх амжилтаа 1974 онд давтахаар дахин финалдсан ч Нидерландын "Фэйноорд"-ыг дийлээгүй. Харин яг 10 жилийн дараа Бельгийн "Андерлехт"-ийг хожсон аж. 

зураг
 

Хагас шигшээд таарсан нөгөө хос тоглолт Английн "Манчестер Юнайтед" багийн илт давамгайллаар өндөрлөв. Улаан чөтгөрүүд эхний тоглолтод Испанийн "Атлетико Билбао"-гийн талбайд 3:0-ээр ялаад байсан бол өчигдөр талбай дээрээ 4:1-ээр "дээрэлхэв". 

Эхний гоолыг Испанийн 21 настай залуу хагас хамгаалагч Микель Хаурегисар 31 дэх минутад оруулсан ч талбайн эзэд сүүлийн 20 минутад дараалан дөрвөн гоол шигтгэснээр Билбао хотыг зорих тийзээ баталгаажуулсан юм.

Английн багууд Европын цомын тэмцээний шигшээд зургаа дахь удаагаа халз тулж байна. Хамгийн эхнийх нь дээр дурдсан 1963 онд болсон бол үүнээс хойш 2008 оны Аваргуудын лигт "Манчестер Юнайтед" торгуулийн цохилтоор "Челси"-г хожиж, 2019 онд Европа лигийн хүрээнд "Челси", Аваргуудын лигт "Ливерпуль" нутаг нэгтнүүдээ "гомдоосон" түүхтэй.

Хамгийн сүүлд 2021 оны Аваргуудын лигт "Челси" 13 жилийн өмнө ялагдсан хариугаа авч байв.

Европа лигт түрүүлсэн баг Аваргуудын лигийн эрх авна. Шигшээд үлдсэн Английн багууд 35 тойргийн дараагаар 38 - 39 оноотой лигийн хүснэгтийн 15-16 дугаарт жагсаж байна. Тиймээс энэ цомд түрүүлэх нь тэдний хувьд ирэх жил Европын цомд үлдэх сүүлийн боломж билээ.