АНУ-ын дэд ерөнхийлөгч: Энэтхэг, Пакистаны зөрчил манайд хамаагүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Азийн цөмийн зэвсэгтэй хоёр хөрш Энэтхэг, Пакистан улсуудын хооронд дайн дэгдэхэд ойрхон болоод байна.

Тэгвэл АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс өчигдөр Fox News сувгаар ярихдаа энэ хоёр улсын зөрчил “манай асуудал биш” гэж хэлжээ.

“Бид тэдний зөрчлийг аль болох хурдан намжаах хүсэл сонирхолтой байна. Гэхдээ бид энэ хоёр улсыг хянаж чадахгүй. Бидний чадах ганц зүйл бол хурцадмал байдлыг бага зэрэг бууруулахыг хичээх явдал юм. Гэхдээ энэ нь үндсэндээ манай асуудал биш. Хянаж чадахгүй гэдэг нь Америкийн чадвар хүрэхгүй гэсэн үг биш” гэж Вэнс ярьсан байна.

Хоёр улсын аль аль нь АНУ-ын холбоотнууд юм. Энэтхэг улс нь Хятадын өсөн нэмэгдэж буй хүчийг хязгаарлахад Вашингтоны чухал түнш.

Хэдийгээр 2021 онд Афганистанаас цэргээ гаргасны дараа ач холбогдол нь буурсан ч Пакистан улс бас л АНУ-ын түнш хэвээр байгаа юм.

Олон арван жил үргэлжилсэн хоёр улсын зөрчил дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхэгийн захиргааны Кашмирын бүс нутагт гарсан зэвсэгт халдлагын дараа эрс хурцдаад байгаа.

26 энгийн хүний амь үрэгдсэн энэ халдлагад Энэтхэг улс хөрш Пакистаныг буруутгаж байгаа бол Исламабадын эрх баригчид үүнд оролцсоноо эрс үгүйсгэж байна.

“Энэ хоёр улсын сөргөлдөөн бүс нутагт өргөжихгүй байх, эсвэл бурхны авралаар цөмийн дайнд шилжихгүй байх нь бидний итгэл найдвар, хүлээлт юм” гэж Вэнс ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters