"Лос Анжелес 2028" олимпын наадмын хөтөлбөрийг баталлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт "Лос Анжелес 2028" олимпын хөтөлбөр, медаль болон оролцох тамирчдын тоог албан ёсоор баталлаа.

Шинэ журмаар медалийн тоогоор урьд хожид байгаагүй ихээр нэмэгдэж байна. Түүнчлэн холимог хос болон жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор эмэгтэйчүүдийн төрлийг нэмсэн байна.

Тухайлбал олимпын наадмын хөлбөмбөгийн төрөлд эмэгтэйчүүдийн ангилалд 16 баг өрсөлдөхөөр болж буй. Харин эрэгтэйчүүдийн төрөлд урьдын адил 12 баг хүч сорих юм.

Усны поло болон боксын төрөлд ч жендэрийн тэгш байдлыг хангахаар болов. Усны пологийн төрөлд эмэгтэйчүүдийн 12 баг медалийн төлөө өрсөлдөх бол боксод эр, эм ялгаагүй долоон жинд медалийн төлөө өрсөлдөх аж.

Үүгээр ч зогсохгүй зургаан төрөлд холимог хос ангилалд тамирчид өрсөлдөхөөр болж байна. Тодруулбал байт харвааны компаунд төрөл, гимнастик, хөнгөн атлетикийн 4х100 метрийн буухиа уралдаан, завины уралдаан, гольф, ширээний теннист холимог хос төрөлд олимпын медальтан төрөх юм.

Усанд сэлэлт болон спорт авиралтын төрөлд илүү олон медальтан харах боломжтой болов. Усанд сэлэлтээр эрэгтэй, эмэгтэй 50 метрийн зургаан ангилал нэмэгдэх юм.

Энэ удаагийн олимпын хөтөлбөрт 31 спортын төрөлд 10,500 тамирчин өрсөлдөнө. Шинэ хөтөлбөрийг баталснаар олимпын наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй оролцогчтой болох нь тодорхой боллоо.

 

Эх сурвалж: Inside The Sports