Ням гарагийн орой гэр бүлийнхэнтэйгээ хамт нийслэл Вашингтон хотын нэг ресторанд зоог барьж байсан АНУ-ын дотоод хэргийн сайд бэлэн мөнгөтэй гар цүнхээ хулгайд алджээ.
Өчигдөр буюу Даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа сайд Кристи Ноэм хулгайн хэргийн хохирогч болсноо баталсан байна.
Сайдын аюулгүй байдлыг хариуцдаг төрийн хамгаалалтын албаныхан Capital Burger рестораны хяналтын камерыг шүүгээд амны хаалт зүүсэн цагаан арьст эрэгтэй сайдын цүнхийг аваад гарсныг илрүүлсэн ч түүнийг олж чадаагүй байгаа ажээ.
Цүнхэнд сайдын жолооны үнэмлэх, эм, гэрийн түлхүүр, паспорт, ажлын үнэмлэх, гоо сайхны хэрэгсэл, банкны хоосон чек, бэлэн мөнгө $3,000 орчим байсан гэнэ.
“Сайдын гэр бүлийнхэн бүгд ресторанд байсан бөгөөд тэдэнд улаан өндөгний баярын зоог барих, бэлэг өгөхөд зориулж бэлэн мөнгөтэй явсан юм” гэж дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Одоо 53 настай Ноэм энэ оны эхээр Трампын засаг захиргаанд дотоодын аюулгүй байдал хариуцсан төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоноосоо хойш хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргах кампанит ажлыг удирдаж байгаа юм.
Тэрбээр өмнө нь Өмнөд Дакота мужийн захирагчийн албан тушаалыг хашиж байжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|