Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Ноорог медиа агентлаг”-тай холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Бид нийгэмд болж байгаа үйл явдалд хууль дүрмийн дагуу оролцдог болмоор байна. Ялангуяа манай Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд. Улс төрийн албан тушаалтай нь эхэлж мэдээлэл авна эсвэл цагдаагийн байгууллага руу дайрдаг. УИХ-ын гишүүд үнэн худал нь мэдэхгүй улс төр хийдгээ боль.
Хоёрдугаарт, бүлгийн болон байнгын хорооны чатанд “Албан бус уулзалтыг яаралтай зохион байгуулж өг” гэж бичээд байх юм.
УИХ-ын гишүүд хууль сахиулах байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагатай албан бус уулзалт хэзээ ч хийж болохгүй. Хэлэлцэх асуудлынхаа хүрээнд протоколтой уулзах ёстой. Ямар горимоор хаанаас мэдээлэл авчхаад юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй “Албан бус уулзалт зохион байгуулж өгөөч” гэж бичээд байх юм.
Зарим зүйлийг нөхдөдөө хэлмээр байна. Хүний эрх ярьж болно. Хуулийн байгууллага ажлаа хийх ёстой. Асуудал гарвал шат шатанд нь ярина. Хууль зүйн сайд буюу тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг даваад хууль сахиулах байгууллагын үүдэнд очиж янз бүр болдгоо одоо болих хэрэгтэй.
Сүүлийн үед Хууль зүйн сайд маш олон хууль зөрчиж байгаа. Цагдаагийн байгууллагын өмнөөс ярьж, хэргийн материалыг задалдаг. Үүнийг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ном журмаар нь ярья гишүүд ээ.
“Миний өрөөнд цагдаагийн даргыг дууд” гэж байнгын хорооны чатанд бичдэгээ больцгоо. Түрүүлж оноо авах гэсэн юм л яваад байна. Төрийн ажлын ном журмаар нь зарчимтай хийцгээе” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
|