Эрдоган өрсөлдөгчөө баривчилсны дараа эхэлсэн Туркийн сөрөг хүчний жагсаал зургаа дахь өдрөө үргэлжиллээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Истанбул хотын захирагч Экрэм Имамоглуг авлигын хэрэгт буруутган баривчилсан нь Туркийн эрх баригчдын эсрэг сөрөг хүчний жагсаал тэмцлийг эхлүүлсэн юм.

Имамоглу бол Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч.

Имамоглуг баривчилсан өдрөөс хойш өдөр бүр эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа бөгөөд өчигдөр зургаа дахь өдрөө үргэлжилжээ.

Ням гарагийн шөнө мөргөлдөөн гүнзгийрч, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн юм.

Имамоглу өөрийгөө буруугүй, улс төрийн зорилготой зохиомол хэрэгт гүтгэгдсэн гэж үзэж байгаа.

Даваа гарагийн оройн жагсаал эхлэхээс өмнө өнгөрсөн өдрүүдэд нийт 1,133 хүнийг баривчилснаа Туркийн эрх баригчид зарлажээ.

зураг
 

Өчигдөр өдөр телевизээр ярихдаа Эрдоган сөрөг хүчний намуудыг “иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах өдөөн хатгалга явуулж байна” хэмээн шүүмжилсэн юм.

Тэрбээр сөрөг хүчний намуудад жагсаалаа зогсоохыг уриалж, тэднийг “сүүлийн таван өдрийн турш манай улс төрийн түүхэнд байгаагүй хамгийн бүдүүлэг, хууль бус мэдэгдлүүдийг хийсэн” хэмээн шүүмжилжээ.

Гол сөрөг хүчний намын лидер Өзгүр Өзел өчигдөр орой жагсагчдад хандан үг хэлэхдээ өөрсдийн тэмцлийг “фашизмыг эсэргүүцсэн үйлдэл” гэж тодорхойлсон байна.

Тэрбээр Мягмар гарагт Силивири дэх шоронд хоригдож байгаа Имамоглутай уулзах төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр зарлажээ.

Имамоглуг шүүх хурал хүртэл суллаж, шүүх хурлыг Туркийн төв телевизээр шууд дамжуулахыг эрх баригчдаас шаардахаа Өзел амласан байна.

Хэдийгээр хоригдож байгаа ч Туркийн гол сөрөг хүчин Ардын Бүгд Найрамдах Нам өчигдөр Имамоглуг 2028 оны Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр батламжилжээ.

Энэ удаагийн жагсаал нь 2013 онд Истанбулын нэг цэцэрлэгт хүрээлэнг буулгахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсноос хойших хамгийн том ийм арга хэмжээ болж байна.

Өнгөрсөн долоо хоногт Туркийн эрх баригчид авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан 100 гаруй хүний нэг нь Имамоглу байлаа.

Баривчлагдсан хүмүүсийн дунд улс төрчид, сэтгүүлчид, бизнесмэнүүд байгаа юм.

Имамоглуг баривчилсан нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд саад болохгүй ч тулгасан хэргүүдийн аль нэгээр шийтгүүлбэл сонгуульд өрсөлдөх боломжгүй болно.

Түүнийг сүүлийн 22 жилийн турш Туркийн ерөнхий сайд, ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан Эрдоганы хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үздэг.

Гэхдээ Эрдоган үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй л бол 2028 оны сонгуульд дахин нэр дэвших эрхгүй юм.

Туркийн хууль зүйн яам Имамоглуг баривчилснаа Эрдогантай ямар ч холбоогүй, шүүхийн хараат бус шийдвэр гэж мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг