Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд донор хүлээж байгаа үйлчлүүлэгч оролцож бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс өнгөрсөн тавдугаар сараас хойш тархины үхэлтэй донор гарч ирэх боломжийг хүлээн, амь гуйж байгаа юм гэдгийг онцлов.
Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг нь бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнд тохирох амьд болон тархины үхэлтэй донорыг сонгох, үнэлэх, бэлтгэх, шилжүүлэн суулгах мэс заслийн эмчилгээ болон эмчилгээний дараах насан туршийн эмчилгээ, хяналтыг явуулах үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ууган баг аж. Бөөр шилжүүлэн суулгах баг нь мэс заслын эмчилгээнээс гадна Монголд болон гадаад улсад бөөр шилжүүлэн суулгуулсан үйлчлүүлэгч нарт амбулаторийн болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж, насан туршийн хяналтыг хийдэг баг юм байна.
Багийн бүрэлдэхүүнд ахлагч нэг, зөвлөх эмч хоёр, хүндэт зөвлөх гурав, мэс заслын долоон эмч, бөөр судлаач дөрвөн эмч, генетик судлаач гурван эмчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг юм байна.
Монгол Улсад 2024 оны байдлаар гемодиализийн эмчилгээний статистик
Дээрх статистикаас харахад бөөрний дутагдалтай хүмүүсийн дийлэнх нь ид хийж бүтээх, гэр бүл зохиох насны хүмүүс байгаа нь эмгэнэлтэй явдал юм гэдгийг Бөөр шилжүүлэн суулган үндэсний багийн ахлагч н.Эрдэнэсайхан хэлж байв. Түүнчлэн сүүлийн хоёр жилд эсрэг биеийг буулгах эмчилгээ мөн цусны бүлэг ондоотой донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг монгол улсад нэвтрүүлж, амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийж гадаад улс руу урсах зардлыг багасган өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байна гэв.
Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг нь тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2008 онд хоёр, 2009 онд хоёр, 2010 онд хоёр, 2012 онд хоёр,... 2018 онд хоёр, 2019 11, 2020 онд зургаа, 2021 онд найм, 2022 онд дөрөв, 2023 онд дөрөв, 2024 онд арван удаа хийжээ.
Донорын шалгуур хангасан донортой 50 тохиолдолд даатгалын санхүүжилтээр үнэ төлбөргүй бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна.
Бөөрний дутагдалтай, бөөр орлуулах эмчилгээ хийгдэж байгаа, донор олдохгүй байгаа, өмнө нь бөөр шилжүүлэн суулгуулсан. Төрөл төрөгсдөөсөө бөөр авах гэсэн ч дархлааны хариу урвал өрнөх магадлалтай өвчтөнүүдэд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгуулах шаардлага гардаг байна. Тухайн өвчтөнүүдэд тархины үхэлтэй донорын цусны бүлэг болгонд жагсаалт үүсгэж бүртгэдэг ба тус бүртгэлд одоогоор 695 өвчтөн бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!