Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт 4 га газар дээр 712 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлахаар болжээ.
Энэ тухай Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хорооны 4 га газарт Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.
Нийт 712 айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийн тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Эхний ээлжид төслийн газар шорооны ажил, бохирын худгийг шийдэх шаардлагатай” гэв.
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах нэгжийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох “Урьдчилсан байдлаар орон сууцны метр квадратын үнийг 3.2 сая төгрөг гэж тогтоосон. Иргэдийн төлбөрийн чадамж болон хөрөнгө оруулалтаас шалтгаалан тухайн үнийг тооцоолсон байгаа. Есөн давхар есөн блокоос бүрдэх энэхүү орон сууцыг барих төсөлд шалгарсан компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ажлыг хэрэгжүүлнэ” хэмээлээ.
2012 оны хүн амын тооллогоор тус хороонд 1,760 өрхийн 7,362 хүн ам тоологдсон бөгөөд 602 өрхийн 2,012 иргэн орон сууцанд, 1,158 өрхийн 5,350 иргэн гэр хороололд амьдардаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!