Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Ногоон нуурын 1,008 айлын орон сууцны төслийг БХБЯ-наас нийслэлд шилжүүлж авчээ. Уг төслийн явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
1,008 айлын орон сууц нь БНХАУ-ын буцалтгүй тусламж 347.4 сая юанийн хөрөнгөөр баригдаж байгаа юм байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Ногоон нуурын 1,008 айлын орон сууцыг барих ажлын явц 73%-д хүрчээ. Энэ оны зургаадугаар сарын 15-ны дотор хүлээлгэж өгч, наадмаас өмнө бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна" гэв.
Ногоон нуурын 1,008 айлын орон сууц төслийн ерөнхий инженер Б.Эрдэнэсүрэн "Ногоон нуурын 1,008 айлын орон сууц 2021 оноос 4.2 га газар дээр баригдаж эхэлсэн. Орон сууцны барилга нь доороо А, В гарааштай, 21 давхар, бүрэн цутгамал хийцлэл бүхий найман барилгатай.
Барилгын зураг төслийг “Интеллект тауэр” ХХК хийсэн бөгөөд 1-3 дугаар давхрын гадна өнгөлгөө нь чулуу, түүнээс дээш 21 давхар хүртэл металл хавтангаар бүрсэн.
Нэг давхартаа зургаан айлтай, 49-50.5 м.кв талбайтай хоёр өрөөнүүдтэй орон сууц. Үйлчилгээний зориулалттай хэсэг байхгүй, бүгд айл өрх амьдрах зориулалттай.
Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” компани барилгын цутгалтыг чанартай хийсэн гэж дүгнэж байгаа.
Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээнд холбогдож, дотор заслын ажлыг гүйцэтгэж байна. Орон сууцны барилгыг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг барих юм" гэж танилцууллаа.
Орон сууцны хороолол нийт 413 автомашины зогсоолтой, үүний 273 нь дулаан зогсоол. Хүүхдийн тоглоомын талбай болон орон сууцны гадна тохижилт стандартын дагуу хийгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!