Уншиж байна ...
Зураг
Зураг

Амазон компанийн босс “Жэймс Бонд” цувралын уран бүтээлийн эрхийг авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг

“007” дугаартай домогт тагнуулчийн тухай киноны цувралын сүүлчийн бүтээл 2021 онд “No Time To Die” нэрээр дэлгэцэнд гараад завсарласан билээ.

Уг кинонд Жэймс Бондын дүрийг Английн жүжигчин Даниэл Крэйг сүүлчийн удаа бүтээсэн юм.

Дараа жил нь буюу 2022 онд Америкийн онлайн худалдааны аварга компани Амазон энэ киног бүтээгч MGM студийг $6.5 тэрбумаар худалдан авч, Amazon MGM Studios нэртэй болгож байв.

Хэдийгээр студийн менежмэнтийг Амазон авсан ч уран бүтээлийн шийдвэр гаргах эрхийг өмнөх продюсерүүд болох Барбара Брокколи, Майкл Уилсон нар эзэмшсэн хэвээр байжээ.

Барбара нь эх нэгтэй ах Уилсоны хамт “Жэймс Бонд” цувралын уран бүтээлийн асуудлыг сүүлийн 30 орчим жил хариуцан ажиллаж байгаа.

Барбара нь “Жэймс Бонд”-ын дүрийг анх зохиосон Альберт Брокколигийн охин юм.

Өөрөөр хэлбэл “Жэймс Бонд” цуврал нь нэг гэр бүлийн удам дамжсан уран бүтээл юм байна.

зураг
 
Майкл Уилсон, Барбара Брокколи нар

Тэгвэл Амазон компани өчигдөр уран бүтээлийн эрхийг хоёр продюсерээс шилжүүлэн авч байгааг зарлажээ.

Амазон, Брокколи, Уилсон нар “Bond” IP нэртэй хамтарсан компани байгуулж, оюуны өмчийг хуваалцсан хэвээр үлдэх бол Amazon MGM уран бүтээлийн эрхийг үргэлжлүүлэн авч явахаар болсон байна.

“007 цувралын 60 гаруй жил үргэлжилсэн замналын дараа би кино бүтээх ажлаас татгалзаж, бусад урлаг, буяны үйлсэд анхаарал тавихаар болж байна. Барбара бид хоёрын итгэлтэй хамтрагч Amazon MGM студи одоо Жэймс Бондын ирээдүйг хөтлөх цаг нь болсон” гэж Уилсон мэдэгджээ.

зураг
 
Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос

Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос энэ шийдвэрийн тухай мэдээг сошиал хуудсандаа хуваалцахдаа “Дараагийн Жэймс Бондоор хэнийг сонгох вэ?” гэсэн асуултыг дагагчдадаа тавьсан байна.

Жэймс Бондын цувралын 25 дахь кино “Not Time To Die” тухайн үед дэлхийн кино театрын зах зээлээс $774 гаруй саяыг олж байжээ.

Тэгвэл 26 дахь киног нь дэлхийн хоёр дахь баян Жэф Безос хариуцан бүтээхээр болж байна.

 

Эх сурвалж: Business Insider