Уншиж байна ...
Зураг
Зураг

Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан эмэгтэй тамирчнаа зөвшөөрөлгүй үнссэн хэргээр шийтгүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 27 минут
iKon.MN
Зураг зураг

2023 онд Австралид болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испани улсын шигшээ баг түрүүлж байв.

Шигшээ баг цомоо гардан авах үеэр сэтгэл нь хөдөлсөн Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес шилдэг тоглогчдын нэг Женни Эрмосогийн уруул дээр чангаар үнссэн юм.

Рубиалесын энэ үйлдэл Испанийн нийгэмд эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлах үзэлтэй холбоотой томоохон маргаан дэгдээж, тэр удалгүй холбооны ерөнхийлөгчийн суудлаа алдаж байжээ.

Ингээд зогсолгүй Рубиалесыг бусдын биед зөвшөөрөлгүй халдсанд буруутгаж, бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

зураг
 
Луис Рубиалес

Өчигдөр буюу Пүрэв гарагт Испанийн дээд шүүх 47 настай Рубиалесыг 10,000 гаруй еврогоор торгох шийдвэр гаргажээ.

Прокурорууд түүнийг хэд хэдэн зүйл ангиар яллаж, шоронд хорих санал оруулсан бол шүүх албан тушаалаа буруугаар ашигласан зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгосноор хөнгөн шийтгэл оноосон байна.

“Бусдын биед халдсан, үнссэн нь яллагдагчийн байнга давтагддаггүй, тохиолдлын үйлдэл гэж үзээд цагдан хорихоос хөнгөн ял оноох ёстой гэж шүүх дүгнэлээ” гэж шүүгч Хосе Мануэл Фернандес Прието мэдэгджээ.

Торгуулийн хэмжээг 18 сарын хугацаанд өдөр бүр 20 евро байхаар тооцсон байна. Энэ нь 10,950 орчим евро болж байгаа юм.

Үүнээс гадна Рубиалес хохирогч Эрмосод 3,000 еврогийн хохирлыг төлж барагдуулах, нэг жилийн турш харьцахгүй байх, 200 метрээс дотогш ойртохгүй байх үүрэг хүлээжээ.

Гэхдээ энэ нь Рубиалесын хувьд харьцангуй бага мөнгө болж байна. Тэрбээр Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байхдаа жилийн 675,762 еврогийн цалин авдаг байжээ.

Гэсэн хэдий ч Рубиалес шүүхийн шийдвэрийг давж заалдахаа өчигдөр мэдэгдсэн байна.

зураг
 
Женни Эрмосо

Хохирогч Эрмосо шүүх хурлын үеэр ерөнхийлөгчийнх нь үнсэлт “миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэгийг бузарласан” гэж мэдүүлж байв.

Мөн багийнх нь тамирчид түүнийг хэдэн өдрийн турш уйлж, сэтгэлээр унаж байсныг гэрчилжээ.

“Зөвшөөрөөгүй үйлдэл бүр хүчирхийлэлд тооцогддогийг шүүхийн дүгнэлт батлан харууллаа” гэж Испанийн засгийн газрын хүйсийн тэгш эрх хариуцсан сайд Ана Редондо сошиал хуудсандаа бичсэн байна.

Евро парламентын гишүүн, алдартай феминист улс төрч Ирен Монтеро шүүх хөнгөн шийтгэл оноосонд харамсаж байгаа ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний хувьд ялалт болсныг сайшаажээ.

“Зөвшөөрөлгүй үнсэлтийг шүүх бэлгийн хүчирхийлэлд тооцно гэдэг хэдхэн жилийн өмнө төсөөлшгүй зүйл байлаа. Феминизм бүх зүйлийг өөрчилж байна. Зөвхөн тийм гэсэн үг л тийм гэсэн утгатай юм” гэж тэр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters