Уншиж байна ...
Зураг
Зураг

Европын удирдагчид Киевийг зорьж, Францын ерөнхийлөгч АНУ-д айлчилна

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 9 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Европын удирдагчид Украины хямралыг зохицуулахын тулд ирэх долоо хоногийн турш завгүй ажиллах төлөвтэй байна.

Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний гурван жилийн ойн өдөр Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулах зорилгоор Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста болон Испанийн ерөнхий сайд Педро Санчес нар Киев хотод айлчлахаар болжээ.

Энэ өдөр Атлантын далайн нөгөө эрэгт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мөн Украины асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцэхээр Вашингтонд зочлохоор болсныг тус улсын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлсэн байна.

Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер бас ирэх долоо хоногийн сүүлээр АНУ-д айлчлахдаа ерөнхийлөгч Трамптай уулзах юм.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Стармер энхийг сахиулах хүчнийг Украинд илгээх санааг АНУ-ын ерөнхийлөгчид танилцуулж магадгүй гэнэ.

Украинд энх тайван тогтоох Трампын ганцаарчилсан хичээл зүтгэл Европын аюулгүй байдалд муугаар нөлөөлж магадгүй болоод байгаа.

Даваа гарагт Парис хотод Европын удирдагчид шуурхай хуралдсаны дараа Макрон утсаар Трамптай ярилцсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Франц, Их Британи улсууд Украинд энхийг сахиулах хамтарсан цэргийн хүч илгээх санааг түлхүү ярьж байгаа гэнэ.

Энэ хүч нь хамгийн ихдээ 30,000 цэргээс бүрдэх юм байна.

“Бид Украины аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгох ёстой. Энэ нь эцэстээ цэргийн хүч илгээх шийдэлд хүрч болох юм. Одоохондоо ийм шийдэлд хүрээгүй байна” гэж Францын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Трамп саяхан Зеленскийг сонгуулиар сонгогдоогүй “дарангуйлагч” хэмээн цоллож байв.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Коста үүнийг няцааж, Зеленскийг ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдагч болохыг сошиал хуудсандаа батлан бичсэн юм.

Испанийн ерөнхий сайд Педро Санчес бас “Испани улс Украины ардчилал болон ерөнхийлөгч Зеленскийг дэмжиж байгаагаа нотлохын тулд ирэх долоо хоногт Киевт айлчилна” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр Зеленскийтэй утсаар ярихдаа Оросын эзлэн түрэмгийлэх дайныг зогсоох аливаа яриа хэлэлцээнд Украиныг оролцуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн байна.

“Украины аюулгүй байдалгүйгээр Европ тивд энх тайван тогтох боломжгүй” гэж Трюдо энэ үеэр хэлснийг Канадын засгийн газар мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters