Киргизстан улсын соёлын яам Лхагва гарагт Оросын хувцас загварын брэнд өөрийнх нь үндэсний уламжлалт соёлын өвийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг шүүмжилсэн мэдэгдлийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.
“Сүүлийн үед Киргизийн түүх, соёлын өвийн салшгүй хэсэг болох үндэсний хээ угалз, бэлгэдлийг арилжааны зорилгоор ашиглах үзэгдэл санаа зовоох түвшинд ажиглагдах боллоо” гэж уг мэдэгдэлд бичээд үндэсний өв соёлд нь хүндэтгэлтэй хандахыг холбогдох этгээдэд уриалсан байна.
Маргаан үүсгэсэн Yaka брэндийг 2023 онд Оросын бизнес эмэгтэй Анна Обыденнова үүсгэн байгуулжээ.
Уг брэнд нь Киргизийн уламжлалт хээ угалзаар чимэглэсэн хувцас, эд зүйлсийг “modern ethno-chic” гэсэн тайлбартай зардаг юм байна.
Ингэхдээ өөрийнх нь дизайн, хийц оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан тул хуулбарлахгүй байхыг анхааруулсан нь киргизүүдийг бухимдуулжээ.
Yaka брэндийн бүтээгдэхүүнүүд дотор Юнескогийн биет соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн Киргизийн эсгий дэвсгэр “шырдак” (ширдэг) байгаа юм байна.
Өөрийг нь шүүмжилсэн киргизүүдэд Обыденнова “орос хэл сайн сурахыг” зөвлөсөн видео мэдэгдэл сошиал хуудсандаа нийтэлсэн нь бухимдлыг улам дэвэргэжээ.
Тэрбээр сүүлд энэ видео мэдэгдлээ устгаж уучлал гуйсан юм.
“Би эдгээр хэв маягийг өөрөө зохион бүтээсэн гэж хэзээ ч хэлээгүй. Би зүгээр л гайхалтай гоо сайхныг нь олж хараад түүнийгээ дэлхийтэй хуваалцахыг хүссэн юм” гэж тэр уучлал гуйхдаа тайлбарлажээ.
Обыденнова бас уламжлалт гар урчуудтай хамтран ажилласан нь арилжааны эрх авахыг шаардах үндэслэл болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Киргизстан улс Зөвлөлтийн үеэс өвлөсөн Оросын соёлын нөлөөнөөс салах оролдлого гаргах болсон нь хоёр улсын хооронд маргааны сэдэв болоод байгаа.
Тухайлбал хэдэн жилийн өмнө нийслэл Бишкек хотын дүүргүүдийн хуучин нэрийг өөрчилсөн бол саяхан иргэддээ орос маягийн “-ов, -ев, -ова, -ева” төгсгөлүүдийг нэрээсээ хасахыг дэмжсэн хуулийг баталсан юм.
Эх сурвалж: Turkiye Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!