Уншиж байна ...
Зураг
Зураг

П.Сүрэнжав: Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц нь саарал ус, нарны цахилгаан үүсгүүр ашиглах технологитой

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 12 цаг 10 минут
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошуу дэд төвийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэ тухай Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн архитектор П.Сүрэнжав "Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төсөл Азийн Хөгжлийн Банк болон Уур амьсгалын ногоон сангийн буюу гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байна.

2019-2020 онд Баянхошуу дэд төвийн 5.5 га газрыг чөлөөлж, 462 айлын таван давхар эко орон сууцыг барих зураг, төслийг дуусгаж, барилга угсралтын шатанд шилжсэн.

Эхний ээлжийн 110 айлын дөрвөн давхар, зоорьтой орон сууцыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна. Одоогоор дэд бүтцийн ажлуудыг улсын комисст хүлээлгэж өгч, барилгын дотор заслыг гүйцэтгэж байгаа юм. Харин үлдсэн 362 айлын орон сууц нь зоорьтой таван давхар байх бөгөөд ажлын гүйцэтгэл 30%-д хүрсэн.

Эдгээр эко орон сууц саарал ус, нарны цахилгаан үүсгүүрийг ашиглах технологитой. Эрчим хүчний оргил ачааллын үед төвийн системээс тэжээгдэх бол бага ачаалалтай үед төвийн шугамд эрчим хүч нийлүүлэх зарчимтай. Нарны цахилгаан үүсгүүр нь тухайн өрхийн эрчим хүчний 60 гаруй хувийг хангах бололцоотой.

Угаалгын өрөө, гал тогоонд ашигласан усыг дахин цэвэршүүлж бие засах өрөөнд ашиглах төлөвлөлттэй. Дээврийн усыг гаднах талбайд ашиглагдана. Ингэснээр дулааны эрчим хүчийг 25%, цахилгааныхыг 20%, усыг 22%-аар хэмнэнэ.

Орон сууцны гадна дулаалга нь хөөмөл шил, чулуун хөвөн бөгөөд галд тэсвэртэй, дулааны алдагдал багатай юм" гэж танилцуулав.

Цаашид Баянхошуу дэд төвд 20 га газрыг чөлөөлж, 2,338 айлын эко орон сууцыг барих юм байна.