Уншиж байна ...

Ц.Наранзул: Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хэвээр байна

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 13 цаг 59 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлж байна. 

Энэ үеэр сүүлийн долоо хоногт вирус судлалын тандалт хийсэн дүнг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул танилцуулав. 



Тэрбээр хэлэхдээ "Судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн 60.9 хувьд нь зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Вирусийн тархалтын дүнг өмнөх тавдугаар долоо хоногтой харьцуулж үзвэл тоо хэмжээ 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй. 

Сүүлийн долоо хоногт вирусийн тархалт нэмэгдсэн нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, сурагчдын хөдөлгөөнтэй холбоотой байж болох юм. 

Зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрснийг хувиар тодорхойлж үзүүлбэл: 

  • Рино вирус болон амьсгалын замын синцитиаль вирусүүд давамгайлах хандлагатай байсан ба тус бүр 20.3 хувийг эзэлжээ.
  • Бока вирус 8.7 хувьтай байсан ба өмнөх долоо хоногоос 4.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. 
  • Томуугийн H1N1 вирус 5.8 хувьтай байгаа нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал ижил түвшинд гэж үзэж байгаа.

Харин улирлын коронавирус 2.9 хувьтай байгаа нь өмнөх долоо хоногийн тоо хэмжээтэй ойролцоо үзүүлэлттэй. Эдгээр вирусийн тархалт харьцангуй бага хэмжээнд байна" гэлээ. 

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хэвээр байна.

Амьсгалын замын халдварт бүх насныхан өртөх эрсдэлтэй. Ялангуяа 15 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөх эрсдэл бий. 

Улсын хэмжээнд томуу, томуу төст халдвар 10,000 хүн амд 56.8 буюу өмнөх долоо хоногоос 5.1 тохиолдлоор нэмэгдсэн. Одоогоор 17 аймагт томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Харин идэвхжлийн түвшинд дөрвөн аймаг байгаа. 

Амьсгалын замын синцитиаль вирус давамгай илэрч буй. Энэ вирусийн халдварыг бүх насны хүн авах эрсдэлтэй ч хоёроос доош настай хүүхдүүд түлхүү халдвар авч, хүндрэл үүсгэх нь өндөр.

Рино вирус жилийн жилд эргэлтэд давамгай байдаг. Рино вирус амьсгалын дээд замын эрхтний халдвар үүсгэдэг. Өөрөөр хэлбэл

  • нүд нуухтах
  • хамраас шингэн нус гоожих
  • хоолой аргах зэрэг шинж тэмдэгтэй. 

Рино вирусийн халдварын хүндрэл амьсгалын дээд замд үрэвсэл үүсгэдэг учраас чих, хамар, хоолойн хүндрэлд хүргэдэг. Зарим хүн ханиадны дараа чих өвдлөө гэж ярьдаг нь рино вирусийн халдварт өртсөнөөс үүдэлтэй.

Рино вирус гэр бүл, анги танхим, оффис орчинд илүү олон хүнийг халдварлуулах эрсдэлтэй байдаг. Ханиаж, найтаах үед хатуу гадаргуу эсвэл бусад эд зүйлсээр вирусийн халдвар дамжих эрсдэл бий. 

Вирусүүд тоос, тоосонцорт илүү наалдаж амьсгалаар халдвар түгээх магадлалтай учраас агаарын бохирдол, тоосжилтын энэ үед давхар амны хаалтаа зүүхийг зөвлөж байна.

Томуугийн А хүрээний H1N1 вирус орчилд илүүтэй байна. Томуугийн вирус гэнэт хурц, хурдан илэрнэ, халуурна, толгой, үе мөчөөр илүүтэй өвдөх шинж тэмдэг бий.

Ерөнхийдөө 1-2 долоо хоног ужгирах удаан явцтай. Энэ хугацаанд эмчид хандахгүйн улмаас хүндрэх хатгаа болох эрсдэлтэй байдаг" гэв.