Хүүхдийнхээ цүнхэнд 2-3 цаг тутамд солих маск болон гар ариутгах шингэн, нойтон салфетка өгч явуулж байхыг зөвлөлөө
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс өнөөдөр томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2025 оны гуравдугаар долоо хоногт Улаанбаатар хот, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Орхон аймгуудаас ирсэн сорьцоос авсан тандалтын дүнгээр тандалтад хамрагдсан хүмүүсийн 53.9 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч бүртгэгджээ.
- Хамгийн их тархалттай байгаа нь амьсгалын замын синциталь вирус байгаа ба 26.1 хувийн тархалттай байгаа юм байна.
- H1N1 вирусийн тархалт өмнөх долоо хоногоос 4 хувиар буурсан.
- Метапневмовирусын идэвхжил нэмэгдэж байгаа.
- Реновирус идэвхжилтэй байна.
Сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцээд метапневмовирус болон реновирусын идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг онцоллоо.
Томуу томуу төст өвчний өвчлөлийн түвшин буурч байгаа ч хичээл эхлэхтэй холбоотой нэмэгдэх магадлалтай тул хүүхдэд тань эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байвал хичээлд нь явуулахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөв. Мөн заавал маск зүүлгүүлж 2-3 цаг тутамд солих маск болон гар ариутгах шингэн, нойтон салфетка өгч явуулж, халуун бүлээн юм уух нөхцөлөөр нь хангаж байхыг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
