Уншиж байна ...
Зураг
Зураг

Х.Нямбаатар: Гуравдугаар сарын 1-нээс шахмал түлшийг "Эрдэнэс Тавантолгой"-н баяжуулсан нүүрсээр солино

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 22 минут
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр "Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулсан байгаа. С.Одонтуяа сайдад удахгүй хүргүүлж, яамдаас санал авна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулж, 50,000 айлыг оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр агаарын бохирдлыг 15%  бууруулна гэж үзэж байгаа.

Орон сууцны хорооллуудтай зэрэгцэн оршдог гэр хорооллын айлуудыг уг бүсэд оруулна. Тухайлбал Москва хороолол, Нэгдүгээр хороолол, III, IV хорооллын арын дэнж, Эх нялхсын эмнэлэг, Гандан, 32-ын тойргийн хотын төв талын бүс, УБЕГ-ын арын гэр хороолол, Мамба дацан хийд орчмын гэр хорооллыг ногоон бүс болгож, газын хэрэглээнд шилжүүлнэ. Энэ бүсчлэлд хийн зуухыг нэвтрүүлнэ. Хийн түлшний шугам татах, зураг төсөл боловсруулах ажилдаа орж байгаа. Ногоон бүсэд 48,000 нэгж талбарын нүүрс түлж буй 50,100 айл хамрагдана.

Эдгээр бүсийн амины орон сууцнууд, тоосгон орон сууцнуудад LNG холболт, монгол гэрт LPG зуух тавих, цэнэглэх зураг төслийг боловсруулахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувийг 198,000 айлын яндангаас гарч байгаа нүүрсний утаа, 30 гаруй хувийг өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцож буй 500,000 гаруй автомашины азотын дутуу исэл, үлдсэн хувийг 2,200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, ДЦС-уудаас гарч байгаа утаа бүрдүүлдэг тооцоолол гарсан.

Агаарын бохирдлыг үүсгэгч 174 уурын зуухын 30%-ийг жилд хийн түлшинд, 2,200 нам даралтын зуух бүхий  хэрэглэгчдийг хийн болон цахилгаан халаалтын системд шилжүүлэх ажлыг БОЯ хариуцна.

Нийслэлд нийтийн тээврийн 1,300 автобус өдөрт үйлчилгээнд явдаг. Эдгээр автобусыг хийн түлшинд шилжүүлнэ.

Гэр хорооллын 198,000 орчим айл өрхийг хоёр үе шаттайгаар агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Айл өрхүүдөд дулаалгаа хийх ажлыг үүрэг болгоно.

Гуравдугаар сарын 1-нээс одоогийн миддлинг түлшний үйлдвэрлэлийг зогсооно. "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрс баяжуулах уурхайгаас баяжмалуудыг вагоноор тээвэрлэж, сайжруулсан түлшний үйлдвэрт нийлүүлэн зарим хэсгийг шигшүүрээр шигшиж шууд савлах, стандартад нийцээгүй нүүрсийг сайжруулсан түлшийг үйлдвэрлэдэг технологиор үйлдвэрлэх, барьцалдуулагч бодисыг өөрчлөх арга хэмжээг авна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрс баяжуулах үйлдвэр хүхэр, үнслэгийн хэмжээ нь стандартад нийцсэн баяжмалыг нийлүүлнэ. Нүүрсний үйлдвэрт ашиглагддаг химийн бүтээгдэхүүнийг импортолж, савласан түлшээ баяжуулж хэрэглээнд нэвтрүүлнэ.

БНХАУ-ын коксожсон нүүрс үйлдвэрлэгчидтэй холбогдоход жилд хамгийн багадаа 600 гаруй тэрбум төгрөгөөр импортлохоор байсан.

Хоёр жилийн дараа Багануурын коксын үйлдвэр ашиглалтад орохоор түлш нь хөх нүүрс рүү шилжинэ.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд бүхий л боломжоо судалж, оролдлого хийх ёстой" гэв.

Зөвхөн шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилснээр агаарын бохирдол 25 хувиар буурна гэсэн тооцоолол гарчээ.

Агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд хамрагдах 147,000 гаруй айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ нэгдүгээр сард багтаан зарлахаар болсон байна.