Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд болох 16 хүртэлх насны Азийн АШТ-д түрүүлсэн баг ирэх жилийн ДАШТ-д оролцох эрх авна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос зохион байгуулдаг 16 хүртэлх насны хөвгүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нээс есдүгээр сарын 7-ныг дуустал Улаанбаатар хотод болох юм.

Тус тэмцээнд шар тивийн 16 баг өрсөлдөнө. Монголын өсвөрийн хөвгүүдийн баг анх удаа тивийнхээ тэмцээнд хүч үзэхээр БНХАУ, БНСУ, Малайзтай "С" хэсэгт учраа таарсан билээ.

Энэ тэмцээнтэй холбоотойгоор өнөөдөр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ны төлөөллүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэмцээний зохион байгуулалтын талаар МСБХ-ны дэд ерөнхийлөгч Э.Анар "Тивийн тэмцээнд түрүүлсэн баг нь ирэх жил зохиогдох 17 хүртэлх насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох эрх авна. Манай өсвөр, залуучуудын шигшээ багийн хувьд 2012 онд анх удаа 18 хүртэлх насны олон улсын тэмцээнд өрсөлдөж эхэлсэн.

Түүнээс хойш ийм том тэмцээнд оролцоогүй. Манай шигшээ багийн хувьд зургаадугаар сарын 1-нээс хойш буюу гурван хамтарсан бэлтгэл хийсэн. Холбооны зүгээс өнгөрсөн жилээс эхлэн 15-аас 18 хүртэлх бүх насны ангилалд баг бүрдүүлж, бэлтгэлд хамрагдаад явж байна" гэв.

Ц.Азбаяр: Тэмцээнээс өмнө хоёр орны багтай нөхөрсөг бэлтгэл хийхээр төлөвлөсөн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Азбаяр "Монголын Үндэсний Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Василис Фракгиасын санаачилгаар 18 болон 16 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлж, долоо хоногийн амралтын өдрүүдээр бэлтгэл хийж эхэлсэн. Харин албан ёсны бэлтгэлийг зургаадугаар сарын 1-нээс эхлүүлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Тэмцээн эхлэхээс өмнө хоёр орны багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн. Тодруулбал Шинэ Зеланд болон Бахрейны багтай энэ сарын 27-28-нд нөхөрсөг бэлтгэл хийхээр бэлдэж буй" гэсэн юм.