Өчигдөр буюу Лхагва гарагийн шөнө ОХУ-ын зүгээс нисгэсэн дрон Польш улсын зүүн бүс нутагт, тариалангийн талбайд унаж, дэлбэрсэн байна.
Үүнийг “өдөөн хатгалга” гэж үзэж байгаагаа Польшийн эрх баригчид мэдэгджээ.
“Бид дахин ОХУ-ын зүгээс нисгэгчгүй онгоц ашигласан өдөөн хатгалгатай тулгарлаа” гэж тус улсын батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Варшав хотоос 100 км-ийн зайд, Украин, Беларусийн хилээс ойролцоогоор ижил зайд оршдог Осины тосгоны дэргэдэх эрдэнэ шишийн талбайд уг дэлбэрэлт болжээ.
Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорски агаарын хилийг нь зөрчсөн Оросын талд албан ёсны эсэргүүцэл илэрхийлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Дэлбэрсэн дрон нь байлдааны цэнэгт хошуугүй, гэхдээ өөрийгөө устгах тэслэгчтэй, эсрэг талыг төөрөгдүүлэх зориулалттай техник байсныг тус улсын армийн генерал Дариуш Малиновский тайлбарласан байна.
Украины дайн эхэлсэн цагаас хойш хил залгаа Польш улсын агаарын хилийг зөрчсөн үйлдлүүд үе үе гарах болсон юм.
Тус улсын эрх баригчид 2023 онд Украиныг бөмбөгдөхдөө өөрийнх нь агаарын орон зайг ашигласанд Оросыг буруутгаж байв.
2022 оны арваннэгдүгээр сард Оросын байлдааны нисэх онгоц руу харвасан Украины зенитийн пуужин Польшийн нутагт унахдаа хоёр энгийн иргэний амийг хөнөөж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!