Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын барилгыг 2022 онд буулгах ажлыг зогсоож байв. Гэвч тус кинотеатрын ногоон байгууламжтай газарт барилга барих гэж хашаалсан асуудал үүсжээ. Уг ногоон байгууламжтай газрыг нийтийн эзэмшлийнх болгосон гэнэ.
Энэ тухай тус дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн "Ард кино театрыг анх 2004 онд хувьчилж авсан юм билээ. Үүнээс хойш барилга барина гэдэг мэдээлэлтэй байсан. Тус кинотеатрын өнгө үзэмж, тохижилтыг нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан ч барилгын хашаа бариад гурван жил орчим болсон. Өнгөрсөн долоодугаар сард барилгын хашаа нь нурж, тэнэмэл иргэд орогнон гэмт хэргийн дуудлага ихээр ирсэн тул хашааг багасгасан байсан юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт барилга барих үндэслэлээр олон нийтийн эзэмшлийн талбайг давхар хашаалсан тул Газрын алба зэрэг холбогдох байгууллагуудад албан тоот хүргүүлсэн юм.
Өчигдөр нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Ингэснээр Ард кинотеатрын зүүн талын ногоон байгууламж, усан оргилууртай газрыг нийтийн эзэмшилд авч байна. Уг талбайг Чингэлтэй дүүрэг мэдэлдээ авч, тохижилтыг хариуцна.
Одоо барилгын хашааг буулгах арга хэмжээ авч, орчныг тохижуулна.
Иргэдээс тус байршилд өндөр барилга бариулахгүй байх тухай хүсэлт их ирүүлдэг" гэж өнөөдөр/2025.08.21/ мэдээллээ.
Тодруулбал Ард кино театрын зүүн талын 1,500 м.кв газар нь нийтийн эзэмшлийнх болж байгаа аж.
Захирамж:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!