Коммунист итгэл үнэмшлээсээ татгалзахыг эсэргүүцсэнийхээ төлөө олон арван жил Өмнөд Солонгосын шоронд хоригдож байсан 95 настай Умард Солонгосын цэрэг асан хүн өчигдөр буюу Лхагва гарагт хоёр Солонгосын хилийг давахыг завдаад Өмнөдийн талд саатуулагджээ.
Ан Хак Соп хэмээх нэртэй энэ хүн Сөүл хотоос хойд зүгт оршдог хилийн боомт Пажу хотод байдаг Нэгдлийн Гүүр рүү ойртож яваад хилийн цэргүүдэд саатуулагдсан юм байна.
Одоо Өмнөд Солонгост коммунист үзэл бодлоосоо татгалзаагүй үлдсэн Умард Солонгосын цэрэг, тагнуулын ажилтан асан зургаан хүн амьдардаг. Тэдний нэг нь Ан Хак Соп юм.
Эдгээр хүмүүс саяхан Умард Солонгос руу буцах хүсэлтээ Өмнөд Солонгосын засгийн газарт тавьж байжээ.
Хилийн шугамд тулж очсон Ан Хак Соп гартаа БНАСАУ-ын төрийн далбаа болон таяг барьсан байв. Түүнийг 10 минут саатуулсны дараа эрүүл мэнд нь муудсан тул түргэн тусламжийн автомашинаар эмнэлэгт хүргэсэн байна.
Ан 1953 оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын армид алба хааж байхдаа Өмнөд Солонгосын талд олзлогдсон юм.
Сөүл хотоос баруун зүгт оршдог Ганхва арлын уугуул түүнийг эх орноосоо урвасан хэрэгт шийтгэсэн бөгөөд 42 жил шоронд хоригдсоныхоо дараа 1995 онд суллагдаж байжээ.
Суллагдсаны дараа тэр Өмнөд Солонгост үлдэхдээ АНУ-ын цэргийг тус улсаас гарах хүртэл тэмцэхээ амласан гэдэг.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!