Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

“KPop Demon Hunters” энимэйшн кино энэ зуны турш үзэлтээрээ Нэтфликсийн жагсаалтыг тэргүүлж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын K-pop урлагийг үзүүлсэн “KPop Demon Hunters” энимэйшн төрлийн кино энэ зуны турш Нэтфликс платформын хамгийн их үзэлттэй кинонуудын жагсаалтыг тэргүүлж байна.

Уг кинонд салбартаа од болохын төлөө хөдөлмөрлөхийн зэрэгцээ шүтэн бишрэгчдээ чөтгөрүүдээс хамгаалахын төлөө тэмцэж буй охидын хамтлагийн тухай өгүүлдэг.

Киноноос гадна түүний гурван дуу “Godlen”, “Your Idol”, “Soda Pop” нь Биллбордын “Hot 10 chart” жагсаалтын эхний арван байрыг тогтмол эзэлж байна.

“KPop Demon Hunters” удахгүй Нэтфликсийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино болох нь нэгэнт тодорхой болжээ.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт энэ киног Нэтфликсийн хэрэглэгчид 26 сая удаа үзэж, нийт 43.3 сая цагийг зарцуулсан байна.

Зургаадугаар сард нээлтээ хийснээс хойш хуримтлагдсан дүнгээр нийт 351 сая цагийн урт бүхий 210.5 сая үзэлттэй болжээ.

Одоогоор 2021 онд гарсан “Red Notice” инээдмийн кино 454.2 сая цагийн урттай 230.9 сая үзэлтээр Нэтфликсийн бүх цаг үеийн шилдэг бүтээлийн байрыг эзэлж байгаа.

Гэхдээ Гал Гадот, Дуэйн Жонсон зэрэг оддын тоглосон энэ киноны үзэлт нээлтийн долоо хоногийн дараагаас огцом буурч байсан юм.

Тухайлбал гурав дахь долоо хоногтоо нээлтийн долоо хоногийнхоо үзэлтийн гуравны нэг орчимд хүртлээ буурч байжээ.

Тэгвэл “KPop Demon Hunters” киноны хувьд нээлтийн долоо хоногтоо 15.4 сая цагийн үзэлттэй эхэлж байсан бол дараа дараагийн долоо хоногуудад гурав дахин өссөн юм. Хамгийн сүүлийн буюу ес дэх долоо хоногтоо 43.3 сая цагийн үзэлттэй байжээ.

Ойрын үед энэ хандлага өөрчлөгдөх төлөв харагдахгүй байгаа тул “Red Notice” киноны байр суурийг булаах нь нэгэнт тодорхой болоод байна.

 

Эх сурвалж: Forbes