"Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Өнөөдрийн хуралд Шинжлэх ухааны академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ-ын судлаачид, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалах яамны төлөөллүүд оролцов.
Энэ үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Ш.Паламдоржийн танилцуулсан "Дэлхийн II дайны төгсгөл: Алс Дорнодод" гэх илтгэлээс онцлох мэдээллийг хүргэж байна.
Чөлөөлөх дайн эхлэхийн өмнөх үеийн Зүүн хойд Ази, Номхон далайн зарим улс орны нөхцөл байдлын талаар:
Чөлөөлөх дайн эхлэхийн өмнөх нь дэлхий дээр хоёр том цэргийн эвсэл байсан. Герман, Япон, Итали гэх нэг бүлэг. Нөгөө талд ЗХУ, Англи, АНУ тэргүүтэй "Цэргийн холбоотон"-д дэлхийн олон орон оролцсон. Энэ хоёр эвслийн хоорондох дайн нь дэлхийн томоохон үйл явдал болсон.
1945 хоёрдугаар сарын 4-11-нд Крымын бага хурлын үеэр Сталин, Рузвельт, Черчилль нар зарчмын хувьд Германыг задлах, төр засгийг нь эмхлэн зохион байгуулахтай холбоотой асуудлыг ярилцсан байдаг. Мөн дайн дууссаны дараа дэлхийн хувь заяа хэрхэн яаж эргэхийг ярилцсан бөгөөд тус эвсэл ялалт байгуулахаа мэдэж байсан.
Энэ үед АНУ нь Номхон далайд Японтой, Европт фашистын Германтай байлдаж байлаа. Тегеранд Гитлерийн Германыг бут цохисны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулах асуудал, Америкийн төлөөлөгчдийн бага хуралд оролцох "гол зорилгын нэг нь" байсан.
ЗХУ нь Ялтын хэлэлцээрээр цэргийн хүчээ гурван сарын дотор Алс дорнодод шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Хятад нь дотоод нөхцөл байдал хүнд байсан бөгөөд Японд дөрвөн мужаа эзлүүлчихсэн байв. Хятадын Манжуурыг Япон эзлэн авч Манж-Го улсыг байгуулж, түүний тэргүүнээр Чин гүрний сүүлчийн эзэн хаан Пу-И-г суулгасан. Энэ дайнд ялах нь Мао Зэдун тэргүүтэй ХКН-ын байр суурийг бэхжүүлэхэд чухал түлхэц болох байсан.
Япон нь 11 жил Хятадтай байлдсан бөгөөд 1945 онд дотоод дахь улс төрийн байдал маш хүнд болсон. Хятадыг эзлэн авах бодлогоосоо татгалзаагүй.
Солонгос нь 1910 оноос хойш Японд эзлэгдсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн дуустал тус улсын мэдэлд байсан.
БНМАУ нь тусгаар тогтнолоо зарласан боловч олон улсын эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй байлаа. Харин Манж-Го улсыг дэлхийн нэлээд хэдэн орон хүлээн зөвшөөрөөд байсан. Чөлөөлөх дайнд оролцох асуудал Монголын хувь заяад маш чухал байсан учраас 1945 оны долоодугаар сард Х.Чойбалсанг БНМАУ-ын ерөнхийлөгч гэдэг утгаар ЗХУ урьж, төрийн тэргүүний түвшинд хүлээн авсан. Энэ үед Сталины зүгээс дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, "Цэргийн холбоотон" эвсэлд нэгдсэнээр АНУ, Англид хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэнэ гэж байсан.
Алс дорнод дахь чөлөөлөх дайны өмнөх онцлог үйл явдлуудын талаар:
1. 1941 оны дөрөвдүгээр сарын 13-нд буюу Халхын голын дайн дууссанаас хойш хоёр жилийн дараа ЗХУ, Япон хоёр нь төвийг сахих гэрээг Москва хотод байгуулсан. Энэ гэрээний гарын үсэг зурах ажилд Сталин өөрийн биеэр оролцож, нэг фронтод дайтахаас сэргийлсэн.
2. АНУ цөмийн зэвсэгтэй болсон. 1945 оны долоодугаар сарын 28-нд Япон улс ультиматумаас албан ёсоор татгалзсаны хариуд АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн цөмийн зэвсэг хэрэглэх ёс суртахууны эрхтэй гэж үзсэн.
3. 1945 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн Крымын (Ялтын) бага хурлаар ЗХУ, АНУ болон Их Британийн засгийн газрын тэргүүн нарын тусгай хэлэлцээрийг байгуулсан түүхтэй. БНХАУ-ын бүс нутгийг Японоос чөлөөлж, тусгаар тогтнолыг дэмжихийг ярилцсан.
4. Ялтын гэрээний дагуу 1945 оны долоодугаар сарын 26-ны өдөр АНУ, Их Британи, Хятад гурван гүрнээс Постдамын тунхаг гаргаж, Японд үг дуугүй бууж өгөх тухай шаардлага тавьсан.
5. 1945 оны есдүгээр сарын 2-нд Америкийн Миссури байлдааны хөлөг онгоцонд Япон бууж өгөх тухай гарын үсэг зурсан баримт бичиг нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг гэрчилсэн юм.
6. 1945 оны есдүгээр сарын 3-нд Японыг ялсан өдөр болгож зарлаж, ЗХУ-ын дээд зөвлөлийн зарлигаар милитарист улстай хийсэн дайныг зогсоосон. ЗХУ-ын Алс Дорнодод явуулсан дайнаар Квантуны армийг ялж, Зүүн хойд Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Өмнөд Сахалин, Курилын арлуудыг чөлөөлсөн.
Чөлөөлөх дайны дараа Японы 730 мянган цэрэг олзлогдсон байдаг. Монгол Улс 12,318 Япон цэргийг нэрсийн жагсаалтгүйгээр зургаан удаагийн цуваагаар хүлээн авсан.
Олзны цэргүүд 1946-1947 оны төгсгөл үеийг хүртэлх хоёр жил орчмын хугацаанд бүтээн байгуулалтад ажиллаад 10,700 орчим Япон цэрэг нутагтаа буцсан. Монголд нас барсан 1,600 гаруй Япон цэргийг нэр бүхий 17 газарт оршуулсан. Үүний хамгийн том дурсгал нь Дамбадаржаа дахь Япон цэргийн цогцолбор юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!