Уншиж байна ...

"Ардчиллыг залуучууд байнга хамгаалах ёстой. Эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах нь санаа зовоосон асуудал"

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар иргэний нийгмийн төлөөлөлтэй ярилцах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө, сонгогчдын боловсрол, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд хүний эрхийн тал дээр манай улсад тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийн талаар дараах зүйлсийг онцлов. 

"Ихэнх мэдээлэл төрийн болон албан нууц, цөөхөн хэсэг нь нээлттэй мэдээлэл байна"

"Глоб Интернэшнл" төвийн хуулийн зөвлөх Л.Галбадрах "Өмнө нь 60 орчим мэдээллийг төрийн нууцад хамааруулдаг байсан бол сүүлд нэлээд өргөжүүлж 2,000-3,000 мэдээллийг нууц мэдээлэл гээд олж авахыг хориглочихсон. Гэтэл нээлттэй мэдээлэл нь 67 төрлийн л мэдээлэл байна. Ихэнх мэдээлэл төрийн болон албан нууц, цөөхөн хэсэг нь нээлттэй мэдээлэл байхаар олон нийтэд мэдээлэхэд хүндрэл учруулж байгаа нь санаа зовоосон асуудал байна" гэв. 

"Бодлогод Залуусын Хяналт" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Энхжаргал "Сонгуульд илүү нэр хүндтэй, олонд танигдсан, мөнгөтэй хүмүүс сонгогдох боломжтой тогтолцоо байгаад манай байгууллагын зүгээс санаа зовдог. Хүмүүс сонгууль болгоны дараа миний сонгогдсон хүн гарсангүй вэ гэж асуудаг нь энэ тогтолцооноос л үүдэлтэй асуудал юм. Иймд сонгуулийн тогтолцоо, улс төрийн санхүүжилтдээ анхаарах хэрэгтэй байна. 

Мөн эвлэлдэн нэгдэх асуудлыг ярих нь зүйтэй. Ардчилсан тогтолцоог бид байнга хамгаалж явахгүй бол хэзээд ч дарангуйлалтай тогтолцоо руу орох боломжтой. Хамгаалах үйл хэрэгт хамгийн чухал зүйл нь залуучуудын оролцоо байдаг. 

Иймд эвлэлдэн нэгдэх эрхийг нь баталгаажуулж өгөх нь чухал юм. Үзэл бодолтой байлаа ч эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй бол ардчилал амь бөхтэй байдаггүй. Сүүлийн үед хууль тогтоогчдоос, төрийн бодлого шийдвэр гаргагчдаас эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах агуулга зарим тохиолдолд илрээд байгаа нь санаа зовоосон асуудал юм" гэв. 

зураг