Уншиж байна ...

Ё.Баатарбилэг: Шууд бус нотлох баримтуудаар намайг ялласан гэж үзэж байгаа. Бодит үнэнийг тогтоох зорилго тавиагүй

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 14 цаг 24 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн Банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлыг хоёр дахь өдрөө хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр шүүгдэгчид гомдлын үндэслэлээ танилцуулсан юм. 

Үүнээс Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийн тайлбарыг онцлон хүргэе.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцсон. Тодруулбал УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "НВЦ" компанийг "Хөгжлийн Банк"-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ний өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутай гэж үзсэн байдаг. 

Харин өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Шүүхээс надтай холбогдуулж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, эх сурвалжгүй, бодит бус, бусдыг санаатайгаар гүтгэн харлуулсан мэдүүлэгт үндэслэж, нотлох баримтгүйгээр хийсвэрлэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. 

Нэгдүгээрт дүгнэлт хийгээгүй гэж гомдол гаргаж байгаа. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт дүгнэлт хийгээгүй, Давах шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй.

  • Ё.Баатарбилэг нь Монгол Улсын Хөгжлийн Банкнаас НВЦ компанид зээл авахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж дүгнэсэн. Ё.Баатарбилэг нь Хөгжлийн Банкны хэн гэдэг ямар албан тушаалтанд тухайн зээлийг дэмжүүлэхээр хэрхэн нөлөөлсөн, ямар үйлдэл хийсэн талаар нэг ч дүгнэлт байхгүй. 
  • Ё.Баатарбилэг нь Ц.Баатарбилэгээс 100,000 ам.долларын хахууль авсан гэж дүгнэсэн. Гэхдээ хэнээр дамжуулж, хэрхэн тэр мөнгийг авсан бэ, мөнгө авсны хариуд ямар үйлдэл хийсэн, хахуульд авсан гээд байгаа гээд мөнгөө хэрхэн зарцуулсан гэдэгт бас дүгнэлт хийгээгүй.
  • 73 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож ялласан боловч тухайн хөрөнгийн эх үүсвэр нь юу болох, хэрхэн зарцуулсан, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг(ХОМ)-ээ хэрхэн үндэслэл бүхий тайлагнаагүй талаар дүгнэлт хийгээгүй.

Мөн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа яллах талыг хэт барьж явагдсаныг анхан болон давах шатны шүүх анхаарч үзээгүй гэж гомдол гаргаж байна. 

Улсын яллагчаас намайг онцолж шүүх хуралд хоёр удаа дэлгэрэнгүйгээр яллах дүгнэлт, шүүмж танилцуулсан. Үүнд ХОМ зөрүүтэй, 390 гаруй сая төгрөгийн эх үүсвэрээ бүхэлд нь тайлбарлаж чадаагүй, орон байр худалдаж авсан, худалдсан машины үнийн дүн буруу, Ё.Баатарбилэг нь Ц.Баатарбилэгтэй байнга уулздаг байсан, хээл хахууль авсан нь гурван гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа, өмгөөлөгч нь хангалттай няцааж чадахгүй байгаа гэх мэтээр буруутгасан. 

Ер нь хэргийн материалтай танилцаад, яллах дүгнэлтийг харахад би өөрийгөө ч танихааргүй хэмжээнд, хэт яллах талыг баримталж хамгийн үл бүтэх нөхөр мэтээр ойлгогдохоор бичсэн байсан. 

Мөрдөн шалгах явцад миний бие нээлттэй шалгуулсан. Үнэндээ шууд бус нотлох баримтуудаар намайг ялласан гэж үзэж байгаа. Бодит үнэнийг тогтоох зорилго тавиагүй. Нотлох баримтын үндэслэлийг тодруулаагүй.

Гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй гэж мөн гомдол гаргаж байгаа.

Олон жилийн өмнө худалдаж борлуулсан ганц нэг машин тэргийг асуусан болоод өнгөрсөн. Эхнэрийн цалингийн зээл, дүүтэйгээ байр худалдаж авсан үнийн дүн, шилжүүлсэн баримт, УИХ-ын тамгын газраас надад орон сууцны дэмжлэг үзүүлсэн баримт зэргийг хэргийн материалд аваагүй. Сүүлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өгсөн.

Энд тодруулж хэлэхэд үндэслэлгүй хөрөнгөжих байтугай би өөрийгөө тийм өөдтэй хөрөнгөтэй иргэн гэж итгэхгүй байгаа. 2007 онд Авлигатай Тэмцэх Газар байгуулагдаад анх ХОМ бөглөхөд би Ерөнхийлөгчийн Тамгын Газарт ажиллаж байсан, хоёр орон сууц, жийп машинтай байсан. Өнөөдөр тэр хэмжээндээ л хөрөнгөтэй байгаа. Нэг нь орон нутагт Архангай аймагт бий. Сүүлийн 10 гаруй жил төрийн олон төрлийн ажил хийсэн. Зарчим барьж ажилласан. 390 гаруй сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь бараг өнөөдрийн миний байгаа байр савны үнэ тэр чигээрээ явж байгаа.

Харамсалтай нь мөрдөхөөсөө эхлээд мөрдөн шалгахад хяналт тавих, анхан шатны шүүх хүртэлх энэ бүх үйл ажиллагаанд энэ бүрийг нягтлаагүй, хөрөнгө орлогын эх үүсвэрийг сайтар шалгаагүйгээр буруутгасан тул гомдол гаргаж байна" гэлээ.