Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банкны шүүх хурлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг гэм буруутайд тооцлоо

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцлоо

Тодруулбал түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "НВЦ" компанийг "Хөгжлийн банк"-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутай гэж үзжээ.

Тэрбээр өмнө нь уг асуудлаар "Хуурай гүжир хариу үгүй гэдэг. Би буруугүй" хэмээн тайлбар өгч байсан юм. 

"Их хэмжээгээр нэмэгдсэн 393 сая төгрөгийн хөрөнгө орлогоо АТГ-т худал мэдүүлжээ"

Мөн 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр СБД-ийн 11-р хороо Сэлбэ хотхоны F байрны 38 тоот хаягт байрлалтай орон сууц болон тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Ганбаатараас бэлнээр 320 сая төгрөгөөр, 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн 9699 УНО улсын дугаартай Lexus 570 маркийн авто машиныг БНХАУ-ын иргэнээс бэлнээр 133 сая төгрөгөөр тус тус худалдан авчээ.

Гэвч тэрбээр Авлигын эсрэг хуулийн 10-р зүйлийн 10.2-т мэдүүлэг гаргагч нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа дээр дурдсан орон сууц болон зогсоолыг нийт 250 сая төгрөгөөр, машиныг 133 сая төгрөгөөр худалдан авсан гэж худал мэдүүлэн нийт 393 сая төгрөгийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10-р зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/shuuhiinmedee/videos/1351515858735426