Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг нарт холбогдох Хөгжлийн Банкны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болов

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны гэх хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.  

Тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, ажлын 47 өдөр тасралтгүй үргэлжилсний эцэст гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан. Улмаар 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон юм. 

Харин давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд эхэлсэн.

Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлуудаар прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж дараах байдлаар шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв. 

32 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоноос шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 10 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. 

Шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-иудыг гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсныг хэвээр үлдээв. 

Шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцаасан болно.

Анхан шатны шүүх хурлаар Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарт үйлдсэн яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээв.