2024 оны 12 дугаар сарын 1-нээс буюу Ням гарагт буюу техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах гэж байна.
Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлснээр улсын хэмжээнд нийт 159,038 тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт ороогүйгээс 99,299 нь Улаанбаатар хотын дугаартай.
Харин татвар, торгуулиа төлөөгүй зөрчил хамгийн их байна. Тодруулбал Улаанбаатарын дугаартай 231,397 тээврийн хэрэгсэл татвараа төлөөгүй байгаа бол 355,300 нь хуулиар ногдуулсан торгуулиа барагдуулаагүй аж. Өөрөөр хэлбэл нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
№ | Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери | Техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн тоо | Татвараа төлөөгүй | Торгуулиа төлөөгүй |
---|---|---|---|---|
1 | Улаанбаатар хотын дугаартай | 99,229 | 231,397 | 355,300 |
2 | Хөдөө орон нутгийн дугаартай | 59,809 | 177,287 | 96,130 |
Нийт | 159,038 | 408,684 | 451,430 |
Эдгээр тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгаж дуустал хөдөлгөөнийг хязгаарлах бололтой.
Монгол Улс 1.5 сая тээврийн хэрэгсэлтэйгээс 785,000 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй.
Үндэсний Статистикийн Хорооны/ҮСХ/ мэдээллээс шүүхэд 2023 оны байдлаар 0-3 жилийн насжилттай 43,779, 4-9 жилийн насжилттай 71,930, 10 ба түүнээс дээш ашигласан 555,483 тээврийн хэрэгсэл нийслэлд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!