Уншиж байна ...
Зураг
Зураг

"Заавал 12 дугаар сарын 1-нээс хязгаарлана гэхгүйгээр тээврийн хэрэгслээ хугацаанд нь үзлэгт оруулдаг болмоор байгаа юм"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хязгаарлана гэж өнгөрсөн аравдугаар сард холбогдох албаныхан мэдэгдээд байгаа билээ. Уг мэдэгдлээс хойших хугацаанд жолооч, ААН тээврийн хэрэгслийн техникийн оношилгоонд орох болон татвар төлөх нь нэмэгдсэн эсэх талаар лавласан юм.

Тээврийн Цагдаагийн Алба: Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд жолоодох эрхгүй, ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн тээврийн хэрэгсэл жолоодох, улсын дугаар нь бүдгэрсэн, арилсан, дугааргүй, хуурамч дугаартай, техникийн оношилгоонд ороогүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн стандартыг хангаагүй, замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй тээврийн хэрэгсэл, осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох шаардлагатай үед тусгай талбайд түр саатуулах, хөдөлгөөнийг хязгаарлана гэж заасан байдаг. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас татвар, даатгалаа төлөөгүй, улсын дугаар бүрэн бус, оношилгоонд ороогүй, олон торгуультай тээврийн хэрэгсэлд 12 дугаар сарын 1-нээс хязгаарлалтыг эрчимжүүлэх юм.

Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт татварын байгууллага болон тээврийн хэрэгслийн явуулын оношилгооны төвийнхөн ажиллаж, жолооч нарыг татварыг газар дээр нь төлүүлэх, оношилгоонд оруулах ажлыг зохион байгуулж байна. Уг мэдэгдлээс хойш тав хоногийн хугацаанд 3,600 зөрчлийг илрүүлж, арилгуулсан. Өөрөөр хэлбэл энэ төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох нь багасаж байна.

12 дугаар сарын 1-нээс тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн зогсоож шалгах бөгөөд дээрх төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд огт оролцуулахгүй гэж ойлгож болохгүй. Хөдөлгөөнийг хязгаарлах гэдэг нь тухайн жолоочийг зогсоогоод зөрчлийг хэлж, газар дээр нь арилгуулж, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх юм.

Татварын байгууллага: Хяналт шалгалтаар тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол газар дээр нь төлүүлж байна. Хэрэв тухайн үед төлбөрийн чадамжгүй бол бичиг баримтыг хурааж, харьяа татварын хэлтэст илгээж байгаа. Татвараа төлсний дараа бичиг баримтыг буцааж өгнө. 

Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар төлөлт 90.7%-тай байна.

АТҮТ-ийн Техникийн хяналтын үзлэгийн төв: Иргэд автомашинаа техникийн үзлэг оношилгоонд идэвхтэй хамруулж байгаа. Тээврийн хэрэгслийг жилд нэг удаа техникийн үзлэгт оруулах ёстой. Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох нь хориотой, хэрэв замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ТЦА торгуулийн арга хэмжээ авах, хяналтын байгууллагууд хяналт тавих үүрэгтэй. 

2024 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 924,000 тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт орсон 924,000 тээврийн хэрэгслээс давхардсан тоогоор 44,630 нь тэнцээгүй. Тэнцээгүй тээврийн хэрэгслийн мэдээллийг хяналт тавих эрх бүхий байгууллага буюу ТЦА, ЗХУТ-д илгээдэг. Ингэснээр үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байвал ТЦА-ны зохицуулагч нар болон ЗХУТ-ийн хяналтын камераар илрүүлж торгууль тавих, хөдөлгөөнийг хязгаарлах, зогсоох арга хэмжээ авдаг юм.

Үзлэгт тэнцээгүй 44,630 тээврийн хэрэгслээс 17,541 нь тоормосны үзүүлэлтээр тэнцээгүй байгаа нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бий болгож байна. Тоормосгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироох эрсдэлтэй. Техникийн үзлэг нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг оношилж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилготой ажил. Үзлэгээр тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, утаа, тоормос, гэрэл, жолооны механизм, дуу чимээ гэсэн бүлгээр шалгадаг. Техникийн үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслийг засварлаж, дахин үзлэгт орж тэнцвэл замын хөдөлгөөнд орох эрх нь олгогдоно.

Тээврийн хэрэгслийн эзэмшигчид техникийн байдлын үнэлгээг хэлж, заавар, зөвлөгөөг өгдөг. 

Эрх бүхий байгууллагаас заавал 12 дугаар сарын 1-нээс хязгаарлана гэхгүйгээр тээврийн хэрэгслээ хугацаанд нь үзлэгт оруулж, эвдрэл гэмтэлтэй бол засварладаг болмоор байгаа юм. Автомашинаас ялгарч байгаа утаа насанд хүрсэн хүний амьсгалах түвшинд очтолоо сарничихдаг. Харин хүүхдүүд автомашины утаанд хордож байна. Хэрэв автомашин нь утаа ихтэй бол засварлачихвал ийм байдал үүсэхгүй байх жишээний.

Үүнээс гадна үзлэгт тэнцээгүй тоормосгүй машинаар захын дүүргүүдэд зорчихыг үгүйсгэхгүй. Тэгэхээр захын дүүргүүдэд хяналт сайн тавих хэрэгтэй.