Өчигдөр АНУ, Польшийн албаныхан НАТО-гийн пуужингаас хамгаалах шинэ баазыг Польш улсын хойд бүс нутагт нээжээ.
Уг баазыг олон жилийн өмнө ерөнхийлөгч Жорж Уолкер Бушийн засаг захиргааны үед анх Европ тивийг Ираны баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор төлөвлөж байсан юм.
Харин Польшийн эрх баригчид уг баазыг Оросын түрэмгийллээс улс орноо хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үздэг байна.
Оросын тал уг төлөвлөгөөг эхнээс нь эсэргүүцэж ирсэн юм.
“Польш улс Оросын ашиг сонирхлын бүс биш болсныг энэ үйл явдал дэлхий нийтэд тодорхой харууллаа. Польшийн өнцгөөс авч үзвэл энэ бол стратегийн хамгийн чухал зүйл юм” гэж Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда баазын нээлтийн үеэр хэлжээ.
Нутаг дэвсгэр дээр нь АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчний олон зуун алба хаагчтай бааз нээгдсэнийг Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш “Польш, АНУ, НАТО-гийн аюулгүй байдлын түүхэн дэх онцгой үйл явдал” гэж онцолсон байна.
Украин болон Ойрх Дорнодын мөргөлдөөн агаарын довтолгооноос хамгаалах системийн ач холбогдлыг харуулж буйг тэр бас хэлсэн үгэндээ дурджээ.
“Редзиково дахь баазад АНУ-ын болон холбоотны цэргүүд байнга байрлах болсон нь Польшийн хувьд 1989 оноос хойших түүхийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болж байна” гэж тэр хэлсэн юм.
Баазад суурилагдсан орчин үеийн Aegis Ashore систем нь баллистик пуужингийн довтолгоог эхний шатнаас нь илрүүлэх, мөрдөх, зогсоох зориулалттай.
Ийм хуурай газрын систем үүнээс өмнө Европ тивд ганцхан байсан нь 2016 онд Румынд ашиглалтад орж байжээ.
Энэхүү баазын талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос тодруулахад ерөнхийлөгч Путин бүр Бушийн засаг захиргааны үеэс үүнд санаа зовж буйгаа илэрхийлж байсныг мэдэгдсэн байна.
“Америкчууд анх уг төлөвлөгөөгөө Ираны түр зуурын аюул заналхийллийн эсрэг чиглэсэн гэж тайлбарлаж байхад л энэ нь худал бөгөөд анхнаасаа манай нөөц бололцоог зэвсгийн хүчээр хязгаарлах гэсэн оролдлого болохыг бид ойлгосон. Энэ бол Европын нутаг дэвсгэрт байрлах Америкийн цэргийн дэд бүтцийг манай хил рүү чиглүүлж байгаа хэрэг юм. Энэ бол бидний нөөц бололцоог дарах гэсэн оролдлогоос өөр юу ч биш. Мэдээж бид хүчний харьцааг тэнцүүлэх хариу арга хэмжээг авахаас өөр аргагүй” гэж Песков хэлжээ.
Энэ өдөр бас Варшав хотод НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк Рютте хүрэлцэн ирж, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, ерөнхий сайд Дональд Туск нартай уулзсан байна.
Рютте энэ үеэр НАТО-гийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй Польш улсыг магтан сайшаажээ. Тухайлбал Польш улс батлан хамгаалах зардлаа өсгөж буйд тэр талархсан байна.
“Үүгээрээ та нар НАТО дахь хамгийн том армийн нэгийг байгуулж байна” гэж Рютте хэлжээ.
Нэгдүгээр сарын 1-нээс ээлжийн дагуу Европын Холбоог удирдах эрхийг хүлээн авахаар бэлдэж буй Польш улсын ерөнхий сайд Дональд Туск энэ үеэр Европын бусад орнуудын удирдагчидтай Украины асуудал дээр нэгдсэн тууштай байр суурь баримтлах талаар ярилцаж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!