Уншиж байна ...

Олимпын гудамжинд нөхөн сэргээлт хийхдээ явган замын хавтанг эвдэж тавьсан зөрчил гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Авто зам, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн явган хүний замуудын нөхөн сэргээлт үргэлжилж байна. Энэ талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Авто замын хяналтын мэргэжлийн П.Бержан: Улаанбаатар хотод энэ онд 63 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажил хийгдсэн. Эдгээр байршилд явган хүний замыг нөхөн сэргээх ажил үргэлжилж байна.

Зарим нэг байршилд дулааны шугам сүлжээний ажлын улмаас нөхөн сэргээлт хийгдэхгүй хоцрогдож байгаа. Тухайлбал Олимпын гудамжны 2а магистраль шугамын ажлын явган хүний замын нөхөн сэргээлт хийгдээгүй.

Хамгийн сүүлд буюу 11 дүгээр сарын 3-нд Улаанхуарангийн авто замын засвар шинэчлэлийн хүрээнд явган хүний замыг нөхөн сэргээж дууссан.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны/УБЗАА/ Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандорж: Нийслэлийн нутаг дэвсгэрт дулааны 18 магистраль шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдлээ. Үүнээс гадна Ус суваг , цахилгаан түгээхийн шугам сүлжээ, иргэн, ААН, байгууллагуудын барилгын гадна дэд бүтэц, шугам сүлжээний зэрэг 180 орчим цэгт нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг сэтэлж, сүвлэсэн. Эдгээр байршилд нөхөн сэргээлт хийгдэж байгаа эсэхийг шалгаж байна.

Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлт хийх таван байршлаас гурав нь энэ долоо хоногт дуусах бол Олимпын гудамжны 2а магистрал, 10 дугаар хорооллын 11г,д магистрал шугамын орчмын нөхөн сэргээлт дуусах шатандаа байна.

Олимпын гудамжны нөхөн сэргээлтийн ажлын газар дээр захиалагч байгууллага буюу Эрчим хүчний яамны хүмүүсийг дуудаж албан шаардлагыг өгч байна. Нөхөн сэргээлтийг хийх явцад явган хүний замын хавтанг буцааж тавихдаа хагалж, эвдэлж байгаа зөрчлүүд гарсан юм. Эвдэлсэн хавтангуудыг шинээр солих шаардлагыг өглөө.

Авто зам болон дулааны шугамын шинэчлэлийн дараа явган хүний зам, талбайг 11 дүгээр сарын 1-н гэхэд нөхөн сэргээж дуусгах үүрэг өгсөн ч зарим байршилд хугацаандаа хийгдээгүй нь албаны хүмүүсийн өгсөн мэдээллээс харагдаж байна.