Уншиж байна ...

Австрали улс 16 хүртэл насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглохоор төлөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Австрали улсын засгийн газар 16 хүртэл насны хүүхдүүдэд сошиал медиа хэрэглэхийг хориглох хууль батлуулахаар болсноо мэдээлжээ.

Ирэх долоо хоногт парламентад өргөн барих шинэ хуулийн төсөл нь Австралийн хүүхэд багачуудыг сошиал хэрэглээний хор уршгаас хамгаалах зорилготойг тус улсын ерөнхий сайд Энтони Албаниз тайлбарласан байна.

“Энэ бол эцэг эхчүүдэд зориулсан хууль. Тэд над шиг хүүхдүүдийнхээ цахим орчны аюулгүй байдалд санаа зовж байгаа. Засгийн газар ард нь байгааг Австралийн гэр бүлүүд мэдээсэй гэж би хүсэж байна” гэж тэр мэдэгджээ.

Шинэ хууль нэгэнт аль нэг сошиал платформын хэрэглэгч болсон хүүхдүүдэд үйлчлэхгүйг засгийн газар баталж байна.

Бас эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд уг хоригоос хүүхдийг чөлөөлж болох гэнэ.

Хуулийг яг хэрхэн хэрэгжүүлэх, зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэхийг Австралийн онлайн орчны зохицуулалтын байгууллага “eSafety Comissioner” хариуцах юм байна.

Хуулийн төсөл батлагдвал 12 сарын дараа үйлчилж эхлэх ба явцын дунд өөрчилж болохоор төлөвлөжээ.

Өмнө нь Европын Холбооны орнуудын дунд иймэрхүү хориг хэрэгжүүлж байсан ч үр дүнд хүрээгүй юм.

Тиймээс насны хязгаарыг яг хэрхэн баталгаажуулж, хоригийг хэрэгжүүлэх техникийн шийдэл нь Австралийн шинэ хуулийн хувь заяаг шийдэхээр байна.

Зарим шүүмжлэгчид хүүхдүүдийн хэрэглээг бүхэлд нь хаахын оронд тэднийг зөв хэрэглээнд сургах боловсруулах ёстой гэж үзэж байгаа.

Тухайлбал Австралийн Хүүхдийн Эрхийг Хамгаалах Байгууллага өнгөрсөн сард 100 гаруй эрдэмтэн, 20 иргэний нийгмийн байгууллагуудын гарын үсэг зурсан ил захидлыг Албанизын засгийн газарт илгээж байжээ.

Уг захидалд хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хаахын оронд аюулгүй байдлын стандартыг сайжруулахад анхаарал хандуулахыг уриалсан байна.

 

Эх сурвалж: BBC