Уншиж байна ...

"Н.Өнөрцэцэгийн царай цонхийсон, бие хүнд байна. 4.9 жилийн ялтай, амьдралынх нь асуудал учир амар биш"

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна. 

Түүний гэм буруугийн шүүх хурал 17:00 цагийн үед түр завсарлаж, шүүхийн гадна өмгөөлөгч П.Эрхэмбаяр мэдээлэл өгөв.  



Шүүх хурлын нөхцөл байдлын талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч хэлэхдээ "Өмгөөлөгч нарын зүгээс хуульд заасан бүх арга хэмжээг авч, маш сайн оролцлоо.

Нотлох баримт, холбогдох хэргийн материалын хүрээнд хангалттай мэтгэлцэж, шүүх хуралдаан завсарлалаа.

Шүүх хуралдаан хаалттай боллоо гээд хүний эрхийг зөрчинө гэсэн үг биш. Өмгөөлөгч, прокурор, шүүгч нар хяналт тавьж байгаа.

Шүүгдэгчийн өмгөөллийн үг, гомдол, тайлбарыг шүүхээс цаг хугацаагаар хязгаарлалгүй цаг тавьж өгсөн. Мөн прокурорын зүгээс ч өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт няцаалт хийх цаг хугацааг хангалттай сайн гаргаж өглөө. 

Шүүхээс өмгөөлөгч нарын зарим хүсэлтийг хангаж, тогтоох хэсгийг нээлттэй явуулна гэсэн. Өөрөөр хэлбэл тогтоох хэсгээ олон нийтэд нээлттэй уншиж танилцуулна гэдгээ мэдэгдсэн" гэлээ. 

Мөн сэтгүүлчийн дараах асуултад өмгөөлөгч П.Эрхэмбаяр хариулт хэллээ. 



Сэтгүүлч: Шүүхээс хэргийг анхан шат руу буцаана, буцаахгүй гэдэг шийдвэрийг гаргах уу?

Өмгөөлөгч: Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь авч хянана. Доторх үйл баримтуудын хүрээнд хангалттай дүгнэлт хийнэ гэсэн үг.

Өмгөөлөгч нар өөр өөрсдийн онцлогоор зарим нь "буцаах", "хэрэгсэхгүй болгох", "цагаатгах" зэрэг байр суурьтай байгаа. Тэдгээр гаргасан тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн өөрийн үнэлэмжид хэр нөлөөлж байгаагаас шийдвэр гарна.

Шүүх өөрөө бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэнэ.

Сэтгүүлч: Н.Өнөрцэцэгийн биеийн байдал ямар байгаа вэ. Найман өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож байна гэсэн үү? 

Өмгөөлөгч: Тийм ээ. Сүүлийн 72 цагийн хугацаанд 60 орчим цаг юм идээгүй байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангиас "бие чинь өлсгөлөн зарлахад шаардлага хангахгүй буюу бөөрний дутагдалтай тул өлсгөлөн хийлгэж болохгүй" гэсэн. Гэхдээ Н.Өнөрцэцэг өөрөө хоол идэхгүй байсан.

Шүүх хурлын танхимд цонхийсон цагаан царайтай, нуулгүй хэлэхэд сэтгэл зүйн байдал хүнд байлаа.  

4.9 жилийн ялтай, амьдралынх нь асуудлыг ярьж байна. Тийм амар биш.