Уншиж байна ...

"Боловсролын салбарт нэвтрүүлж буй аппликэйшнуудын санхүүжилт, зохион бүтээгч нарын мэдээлэл ил тод биш байна"

М.Батчимэг, ikon.mn
22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
"Монголын боловсрол дахь технологийн шийдлүүд" сэдэвт түргэн үнэлгээний танилцуулгаас авав.

Боловсрол: "Чанар, Санхүүжилт, Хариуцлага" иргэний нийгмийн үндэсний 14 дэх чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр Youthlead Mongolia ТББ-ын хөтөлбөрийн ажилтан С.Сийлэн "Монголын боловсрол дахь технологийн шийдлүүд" сэдэвт түргэн үнэлгээгээр илэрсэн дараах асуудлуудыг танилцуулав. 

  • Технологиуд нь бүх төрлийн гар утсанд орох боломжгүй байна. 
  • Сурагчийн мэдээллийг хадгалахад аюулгүй байгаа эсэх нь эргэлзээтэй. 
  • 18 аппликэйшн дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тохиргоо хомс байна. Мөн үндэсний цөөнх буюу Казах, Тува хэл дээр ашиглахад асуудалтай байна. 
  • Хөдөө орон нутагт амьдарч байгаа багш, суралцагчид бүгд ашиглаж чадахгүй байна. 
  • Ковид-19-ийн үед дэд бүтцэд холбогдоогүй 176,000 хүүхэд орхигдсон. 
  • Нэг платформоо урт хугацаанд ашиглахгүй байна. Тус тусдаа ашигладаг олон платформ байна. Бүх ЕБС ашиглаж болох нэгдсэн платформ хомс. 
  • Ялгаварлан гадуурхах, нийгмийн хуваагдлыг үүсгэж байна. Утасны нөлөөтэй болох, эцэг эхийн хараа хяналт алдагдах нөхцөлийг бий болгож байна. 
  • Эцэг эх, багш, суралцагчаас уг платформ болж байгаа эсэхэд сэтгэл ханамжийн судалгааг явуулахгүй байна. 
  • Боловсролын яамнаас батлагдан зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй. 
  • Санхүүжилт, апп зохион бүтээгч нарын мэдээлэл ил тод биш.  

"Хувийн хэвшлийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй этгээд боловсрол дахь технологийн шийдлийг үр дүнтэй гэж ярьж, ятгаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энх тайвныг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан "Төрийн зүгээс боловсролд баримталж хүчтэй нэвтрүүлж буй бодлогын хэрэгсэл нь технологи байна. Тэгвэл дэлхийн бусад улс оронд боловсролын салбарт ямар технологи хэрхэн нэвтэрч үр нөлөө үзүүлж байна гэдгийг НҮБ-ээс жил бүр гаргадаг хяналт, шинжилгээний тайландаа "Боловсрол дахь технологи хэний талд үйлчлэх хэрэгсэл вэ?" гэдгийг онцолсон байдаг.  

Тухайлбал: 

  • Боловсролын салбарт ашиглагдаж байгаа технологи 36 сар тутамд өөрчлөгдөж байна.
  • Технологийг бараг нотолгоо, баримтгүйгээр нэвтрүүлж байна.
  • Хувийн хэвшлийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй этгээд технологийн шийдлийг үр дүнтэй гэж ярьж, ятгаж байна. 
  • Технологи олон сая хүний боловсролд хүрэх амьдралын замыг тавьдаг боловч эргээд олон хүнийг орхигдуулж байна. 
  • Технологи бүхэн сургалтын чанарыг сайжруулахгүй.
  • Онлайн контент зохицуулалтгүйгээр өсөн нэмэгдэж байна. 
  • Манай технологи маш бага зардлаар суралцагчид үр өгөөжөө өгнө гэх яриагаар урхидаж урт хугацаандаа маш их зардлыг боловсролын тогтолцооноос гаргуулдаг хэлбэр байна. Тооцоо дутуу хийснээс урт хугацаандаа тухайн технологийг үргэлжлүүлж авч явахаас эхлээд зардал ихтэй байна. 
  • Боловсролын салбарт технологи ашиглах талаар олон тооны улс хууль, бодлого, зохицуулалтгүй байна" гэв. 

Түүнчлэн тэрбээр нийгмийн төвд байх боломжийг тодорхой нэг бүлэгт олгоод бусад нь хүртэж чадахгүй байна. Боловсролын технологийг бараа бүтээгдэхүүн арилжааны арга хэрэгсэл болгож мөнгө олох, мөнгөжүүлэх ашиг сонирхол байна. Технологи нэвтрүүлсэн гэх нэрээс илүү суралцагчид ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг нь чухал байна гэдгийг онцлов.