АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялснаар тус улсын дотоод амьдралд төдийгүй олон улсын харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах нь тодорхой байна.
Энэ удаагийн сонгуулиар Бүгд Найрамдах нам Конгрессын Сенатын танхимд олонх болсон нь Трампын төлөвлөгөөг хэрэгжихэд улам хялбар болгож байгаа юм.
Сонгуулийн ялалтын мэдэгдэлдээ Трамп “Би өгсөн амлалт, биелсэн амлалт гэсэн энгийн зарчмаар засаглах болно. Бид амлалтаа биелүүлэх болно” гэж хэлжээ.
Гэхдээ түүний зарим амлалт хэрхэн биелэх арга замын талаар мэдээлэл хомс байна.
Ингээд Трампын ерөнхийлөгч болохоосоо өмнө олны өмнө ил тод зарлаж байсан долоон амлалтыг танилцуулъя.
Кампанит ажлынхаа үеэр тэр хууль бус цагаачдыг албадан гаргах АНУ-ын түүхэнд байгаагүй том ажиллагааг зохион байгуулахаа амласан. Трамп бас өмнөх засаглалынхаа үед эхлүүлсэн Мексикийн хилийг хаших хаах ажлаа дуусгахаар амласан юм. АНУ-ын өмнөд хилээр нэвтрэгсдийн тоо 2023 оны сүүлээр оргилдоо хүрсний дараа 2024 онд буураад байгаа. Трампын амлаж буй албадан гаргах ажиллагаа хууль зүйн болон ложистикийн хувьд асар том сорилттой тулгарч, эдийн засгийн өсөлтийг бууруулж магадгүй гэж зарим судлаачид анхааруулж байна.
Сонгогчдын санааг хамгийн их зовоосон нэг асуудал эдийн засаг байсан. Трамп ерөнхийлөгч Байдены засаг захиргааны үед түүхэн дээд хэмжээндээ хүрээд буурсан инфляцыг “төгсгөл” болгохоо амласан. Гэхдээ бараа бүтээгдэхүүний үнэ тарифт шууд нөлөөлөх ерөнхийлөгчийн боломж хязгаарлагдмал байдаг.
Тэрбээр бас татварыг бүхэлд нь бууруулахаа амласан. Тухайлбал иргэдийг орлогын албан татвараас чөлөөлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн татварыг тэглэх, аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулахаа амлаж байв.
Мөн гадаад худалдааны алдагдлыг бууруулахын тулд импортын ихэнх бараанд 10-аас доошгүй хувийн тариф оноохоо мэдэгдсэн. Хятадаас импортлох бараанд бүр нэмэлт 60 хувийн тариф оноох боломжтойг хэлж байжээ. Гэхдээ зарим эдийн засагчид үүний ачаа хэрэглэгчдийн нуруун дээр ирж магадгүйг анхааруулж байна.
Трампын өмнөх засаглалын үед АНУ байгаль орчныг хамгаалахтай холбоотой олон зуун дүрэм журмаа цуцалж, Парисын уур амьсгалын гэрээнээс гарсан анхны улс болж байв. Энэ удаа ч тэр энэ ажлаа үргэлжлүүлэх, ялангуяа Америкийн авто машин үйлдвэрлэлийн салбарыг ийм аргаар дэмжихээ амлаж байгаа.
Тэр цахилгаан хөдөлгүүрт автомашиныг байнга шүүмжилж, ерөнхийлөгч Байдены шинэ хөдөлгүүрт автомашины шилжилтийг дэмжих бодлогыг цуцлахаа амлаж байна.
Трамп бас АНУ-ын малтмал түлшний олборлолтыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.
Тэр мөн эрчим хүчний өртгийг бууруулах зорилгоор Умард Туйлын бүсэд газрын тосны өрөмдлөг эхлүүлэхээ мэдэгдээд байна.
Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг явуулж буй Украины дайнд АНУ олон арван тэрбумыг зарцуулж буйг Трамп хурцаар шүүмжилдэг. Тэрбээр ерөнхийлөгч болбол энэ дайныг 24 цагийн дотор зогсоохоо амлаж байв.
Ингэхдээ тэр дайтагч талуудын аль нь бууж өгөх ёстой талаар ам нээгээгүй байгаа. Ардчилсан Намынхан түүнийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд боломж олгоно гэж хардаж байна.
Трамп ерөнхийдөө АНУ-ыг хилийн чанад дахь дайн мөргөлдөөнөөс салгах бодолтой байгаа. Газын дайны тал дээр тэр Израилийн үнэнч дэмжигч хэвээр байхаа амласан ч явуулж буй дайныг нь дэмжихгүйгээ мэдэгдсэн. Трамп бас Ливанд өрнөж буй хүчирхийллийг зогсоохоо амласан ч ямар арга замаар гэдгээ дурдаагүй юм.
Өрсөлдөгч Камала Харристай мэтгэлцэж байхдаа Трамп үр хөндөлтийг үндэсний хэмжээнд хориглох хуулийг батлах бодолгүйгээ мэдэгдсэн юм. Энэ нь түүний зарим дэмжигчдийн хүсэл сонирхлын эсрэг зүйл байлаа.
Нөхөн үржихүйн эрх чөлөө энэ сонгуулийн нэг чухал сэдэв байсан. Трамп уг асуудлыг мужууд өөр өөрийн хуулиар шийдэх боломжтой гэж байнга хэлдэг бол яг өөрийнх нь байр суурь тодорхойгүй байдаг.
Жо Байдены ялалтыг эсэргүүцэж, 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд халдаад ял сонссон хүмүүсийн заримд өршөөл үзүүлэхээ Трамп амлаж байгаа. Хэд хэдэн хүний амь үрэгдсэн энэ үймээнд дэмжигчдээ турхирсан хэрэгт Трамп буруутгагдаж байв.
Тэрбээр уг үймээнийг бүхэлд нь зөвтгөхгүй байгаа бөгөөд шударга бусаар шийтгүүлсэн хүмүүсийг зөвхөн өршөөх бодолтой байна.
Өөрийнх нь эсрэг нээсэн хэргийг мөрдөж буй туршлагатай прокурор Жэйк Смитийг ерөнхийлөгч болсныхоо дараа “хоёрхон секундийн дотор” халахаа Трамп амлаж байв.
2020 оны сонгуулийн үр дүнг өөрчлөх оролдлого, төрийн нууцад хамаарах бичиг баримттай буруу харьцсан хэрэгт Трампын эсрэг ял төлөвлөсөн хүн нь тусгай мөрдөгчөөр томилогдоод буй Жэйк Смит юм.
Трамп өөрийгөө ямар ч буруугүй гэж үздэг. Тэр ноён Смитийг улс төрийн зорилгоор өөрийг нь ялласан гэж буруутгадаг юм.
Трамп нь гэмт хэргийн ялтай Цагаан ордонд ирж буй АНУ-ын анхны ерөнхийлөгч болох гэж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!