Өмнөд Солонгосын SBS телевизийн суваг өнгөрсөн долдугаар сард хөгжмийн нэвтрүүлгээрээ NewJeans охидын хамтлагийн “ETA” дууны үзүүлбэрийг шууд дамжуулж байжээ.
Гэтэл хамтлагийн гишүүд тайзан дээр бүжиглэхдээ iPhone гар утсаар зураг бичлэг үйлдэж буй жүжиглэлтийг үзүүлсэн юм байна.
Үүнтэй холбоотойгоор Солонгосын Харилцаа Холбооны Стандартын Хороо (KCSC) энэ долоо хоногийн Даваа гарагт SBS телевизийн сувагт хатуу анхааруулга өгчээ.
Олон нийтийн телевизийн суваг мөртлөө шууд бусаар арилжааны бараа сурталчилсан тус байгууллагын эсрэг сахилгын хатуу арга хэмжээ авч, дараа лиценз зөвшөөрлийг нь шинэчлэхдээ үүнийг нь харгалзан үзэх болсноо KCSC мэдэгдсэн байна.
Шууд нэвтрүүлгийн үеэр NewJeans хамтлагийн гишүүд iPhone 14 Pro загварын гар утсыг ашигласан үзүүлбэр үзүүлж, энэ нь 19 секунд үргэлжилж байжээ.
Үзүүлбэрээ дууссаны дараа ч тэд бас гартаа iPhone барьсан хэвээр байсан гэнэ.
NewJeans хамтлаг энэ нэвтрүүлгийн үеэр дуулсан "ETA" дууныхаа клипийг iPhone 14 гар утасны камераар бүтээж байжээ.
NewJeans хамтлаг Apple компанитай сурталчилгааны гэрээтэй ч олон нийтийн телевизээр бүтээгдэхүүнийг нь шууд бусаар сурталчлах ёсгүй юм байна.
Эхлээд SBS суваг охидын хамтлагийн үзүүлбэрийг шууд бус сурталчилгаа гэж үзэхгүй байгаагаа KCSC-д илэрхийлж байжээ.
KCSC байгууллагын тэргүүн Рю Хи Рим “Бүжгийн дэг найруулгадаа гар утас оруулсныг энгийн үзэгчид сурталчилгаа биш гэж ойлгох боломжгүй” гэж тайлбарласан байна.
SBS суваг анхааруулга авсныхаа дараа олон нийтээс уучлал гуйж, тухайн хөгжмийн нэвтрүүлгийн найруулагчийг сольсноо мэдэгджээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!