Уншиж байна ...
Зураг
Зураг

СУДАЛГАА: Монгол хүн ном, сонин, сэтгүүл уншихдаа өдөрт ердөө ГУРВАН МИНУТ зарцуулдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Цаг ашиглалтын судалгаа 2023"-ын үр дүнг танилцуулах семинарыг Туушин зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. 

Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос дөрвөн жил тутам цаг ашиглалтын судалгааг гүйцэтгэж байна. 

Энэ хүрээнд өнгөрсөн оны судалгааг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж, 23,394 өрхийг түүврийн аргаар судалгаанд хамруулжээ. 

Хүн болгонд өдрийн 24 цаг буюу 1,440 минут оногддог бөгөөд унтах, амрах, хооллох зайлшгүй цагаас гадна хувь хүний хөгжил, боловсрол, ажил хөдөлмөрийн бүтээмжит цаг хугацаа ч бий. 

Тэгвэл монголчууд өөрт оногдсон цаг хугацаагаа хэрхэн өнгөрүүлж, яаж зарцуулдаг талаарх судалгааны үр дүнг тоймлон хүргэе. 

Цаг ашиглалтын судалгааны үр дүнг "Тунгаахуй” өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг дараах байдлаар танилцууллаа. 



Монголчуудын амьдралын хэв маягийг товчхон дүгнэвэл 24 цагийнхаа 51 орчим хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ зарцуулдаг юм байна.

Өөрөөр хэлбэл унтах, амрах, хооллох, хувийн ариун цэврээ сахих зэрэгт өдөрт оногдсон цагийнхаа тал хувийг зарцуулдаг.

Түүнчлэн 

  • Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлтэд 34 хувь 
  • Боловсрол болон чөлөөт цагт 15 хувийг тус тус зарцуулж байна. 

Монгол хүн боловсролдоо өдөрт дунджаар 32 минутыг зарцуулж байгаа юм.

Тодруулбал: 

  • Хүмүүстэй харилцах, олон нийтийн арга хэмжээнд оролцоход 24 минут 
  • Чөлөөт цаг, хобби, спорт, соёлын үйл ажиллагаанд өдөрт хоёр цаг 42 минут зарцуулагддаг дүр зураг харагдаж байна.

Онцолж дурдвал:

Чөлөөт цагийнхаа нэг цаг 58 минутыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өнгөрүүлдэг. Тэр дотор унших, үзэх, сонсох хэлбэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж буй бүх хэлбэр багтаж байна. 

Гэтэл биет байдлаар ном, сонин, сэтгүүл унших цагийг нь задлаад харвал өдөрт ердөө 3 минутыг зарцуулдаг. Сошиал орчинд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах цагаа илүүтэй зарцуулж байгаа нь эндээс харагдаж буй. 

Үүнийг сайн, муу гэж дүгнэхээсээ илүүтэй хүмүүсийн амьдралын хэв маяг аль чиглэл рүү явж байгааг харж болно. Цаашдаа нарийвчилж сайн, муу үр нөлөө авчрах уу гэдгийг судлах шаардлага бий.