Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс энэ онд 50 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар урьдчилсан гүйцэтгэл 60 орчим хувийн биелэлттэй бөгөөд олон нийтийн цагдаа, оюутан цагдаа, School police, камержуулалт зэрэг ажил үр дүнгээ өгч байгааг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцуулав.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэрэг, ослын талаар:
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Энэ оны аравдугаар сарын байдлаар 269,000 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 61.9 хувь нь нийслэлд хамаарч байна.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өссөн бол хүүхэд оролцсон болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурсан.
Цахимд орчинд үйлдэгдсэн, залилангийн гэмт хэргүүд өссөн нь энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай. Цаашид албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах саналтай байна" гэв.
Тээврийн Цагдаагийн Алба: Сүүлийн хоёр жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо 60-70 мянгаар нэмэгдсэн. Зам тээврийн ослоор нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан хэдий ч дуудлага мэдээлэл өссөн.
Зам тээврийн гэмт хэрэг зөрчлийн дийлэнх хувийг мөргөлдөх, явган хүн дайрах гэмт хэрэг зөрчил эзэлж байна. Тэр дундаа хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол нэмэгдсэн. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтыг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, сургууль орчмын бүсийн стандартад өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар: 2016-2023 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо өмнөх жилүүдээс 2-3 дахин өссөн. Эрэлт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл байдлыг оновчтой тогтоож хууль эрхзүйн шинэчлэл, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгах зэрэг саналтай байна.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг НИТХ-ын дарга А.Баяр тэргүүлдэг байна. Тэрбээр “Хүүхдэд ээлтэй жолооч”, “Эрүүл жолооч” зэрэг нөлөөллийн аяныг явуулах, төрийн албанд ажиллаж буй залуу алба хаагчид, төрийн албанд ажиллах хүсэлтэй, горилж буй залуучуудын ухамсарт авлига, ашиг сонирхлоос ангид байх ойлголтыг өгөх, хуулийг сурталчилж, таниулах ажлуудыг шат дараатай хийх, “Цагаан тахал” гэгдэж буй хар тамхины аюулаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ирэх оны төлөвлөгөөнд тусгахыг үүрэг болгож байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!