(АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хот. Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр)
Мягмар гарагт болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болсон нь тодорхой боллоо.
Тэрбээр АНУ-ын бүх 50 мужийн нийт 538 сонгуулийн төлөөлөгчийн саналын 279-ийг (51 хувь) авсан байна.
Ерөнхийлөгчөөр сонгогдоход 270-аас дээш санал авсан байх ёстой байдаг.
Түүнтэй өрсөлдсөн Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харрис одоогоор 223 төлөөлөгчийн санал (47.3 хувь) авсан нь тодорхой болоод байна.
Үр дүн гараагүй байгаа үлдсэн цөөн мужуудын саналыг нэмээд ч Харрис өрсөлдөгчөө гүйцэх боломжгүй болжээ.
Одоо 78 настай Дональд Трамп 2016-2020 оны хооронд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.
Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард тангараг өргөж, Цагаан ордонд дөрвөн жил ажиллаж, амьдрах болж байна.
Өмнө нь зөвхөн бизнесмэн, телевизийн реалити шоуны од гэдгээрээ танигдсан Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа нэр дэвшиж, хүмүүсийг гайхшируулж байв.
Ингээд зогсолгүй тэр Ардчилсан Намын нэр дэвшигч, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэргий Хиллари Клинтоныг ялж байлаа.
Засаглалын жилүүддээ Трамп цагаачлалын бодлогыг чангатгаж, хэд хэдэн муслим улсын иргэдэд виз олгохоо хязгаарлаж, Мексик улстай залгаа өмнөд хилийнхээ зарим хэсгийн хамгаалалтыг өргөжүүлж байлаа.
Тэр бас АНУ-ын дээд шүүхийг консерватив бүрэлдэхүүнээр шинэчилж, Парисын уур амьсгалын гэрээнээс гарч, Хятадтай худалдааны дайн эхлүүлж байв.
Трамп уламжлалт бус хэв шинжийн улс төрч, заримдаа хүн амыг хамгийн их талцуулдаг, маргаан дагуулсан ерөнхийлөгч байлаа
Түүний ерөнхийлөгчийн засаглалын сүүлийн сарууд коронавирусийн цар тахлын оргил үетэй давхцаж, амны хаалт, хөл хорио, вакцинжуулалт зэрэг асуудлуудаар Америкчуудыг талцуулж байв.
Трамп 2020 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, нэр дэвшигч Жо Байденд ялагдсан ч ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байлаа.
Үүний улмаас түүний дэмжигчид 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд үймээн самуун дэгдээж, хууль тогтоогчид болон өөрийн дэд ерөнхийлөгчийн амь насыг эрсдэлд оруулж байсан юм.
Трампын гэр бүл Герман, Шотланд цагаачдаас гаралтай
Трамп 1946 онд Нью-Йоркийн Күинс дүүрэгт Шотланд гаралтай ээж, Герман гаралтай аавын таван хүүхдийн дөрөв дэх нь болон мэндэлсэн юм.
Түүний аав Фрэд Трамп үл хөдлөх хөрөнгөөр баяжсан бизнесмэн байлаа.
Трамп 1971 оноос гэр бүлийнхээ бизнесийг удирдах болжээ.
1980-аад оны үед тэр Нью-Йорк хотод хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлсний нэг нь Манхэттэний Trump Tower байлаа.
Трамп бас 1987 онд “The Art of The Deal” номоо хэвлүүлж байжээ.
1988 онд Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээ $1 тэрбумд хүрснийг зарласан юм.
Гэхдээ 1985-1994 оны хооронд олон бизнес нь дампуурч, зарагдсаны улмаас дээрхтэй ижил хэмжээний хөрөнгөө алдсаныг Нью Йорк Таймс сонин татварын тайлан дээр нь үндэслэн мэдээлж байлаа.
Трамп гурван эмэгтэйгээс төрсөн таван хүүхдийн эцэг юм
Трамп анхны гэргий Иванагаасаа бага Дональд Трамп, Иванка, Эрик гэсэн гурван хүүхэдтэй болж байв.
Тэрбээр хоёр дахь удаагаа жүжигчин Марла Мэплстэй гэрлэхдээ Тиффани нэртэй охинтой болсон юм.
2005 онд тэр Словени гаралтай модель Меланиа Кнаусстай гэрлэж, хүү төрүүлсэн нь одоо 18 настай Бэррон.
“The Apprentice” телевизийн реалити шоу Трампыг алдаршуулжээ
Трамп “Гэртээ ганцаараа 2” зэрэг хэд хэдэн кинонд өөрийнхөө бодит дүрээр жижиг дүр бүтээж байв.
Харин 2004-2015 онуудад тэр “The Apprentice” шоуг хөтлөхдөө жинхэнэ олны танил болж, нэрээ алдаршуулж байжээ.
Трамп дөрвөн удаа гэмт хэрэгт холбогдож байсан
Трамп бизнесийн бичиг баримтаа хуурамчаар үйлдсэн, баримтыг нуух зорилгоор насанд хүрэгчдийн кино од эмэгтэйд мөнгө төлсөн зэрэг 2016 оноос өмнө үйлдсэн хэргээр Нью-Йоркийн шүүхэд дуудагдаж байв.
Дараа нь бас 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөх оролдлоготой холбоотой өөр гурван хэрэгт шалгагдаж байгаа. Сүүлийн хэргүүдийг шүүх энэ сонгуулийн дараа шийдвэрлэхээр хойшлуулж байв.
Трамп энэ онд хоёр удаагийн халдлагаас амьд гарчээ
Долдугаар сард Пенсильванид болсон сонгуулийн арга хэмжээний үеэр түүний амь насанд халдах оролдлого гарч байв. Тухайн үед нэг хүн алагдаж, Трамп өөрөө чихэндээ шархдаж байлаа.
Хоёр сарын дараа Флоридагийн гольфын клубтээ тэр дахин зэвсэгт этгээдийн халдлагад өртөх гэж байсныг хамгаалалтын албаныхан нь таслан зогсоосон юм.
Энэ удаа сонгогдохдоо Трамп цагаачлалыг хязгаарлах, эдийн засгийг өсгөх хоёр том амлалт авчээ
Хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирэхдээ Трамп хоёр том зорилт дэвшүүлсэн нь цагаачлал болон эдийн засагтай холбоотой байв.
Тэрбээр АНУ-ын өмнөд хилийн хамгаалалтыг чангатгаж, хууль бус цагаачдыг бөөнд нь албадан гаргахаа амлаж байна.
Трамп бас импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх замаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийг амлаж байгаа.
Гадаад бодлогодоо тэрбээр хилийн чанад дахь дайн мөргөлдөөнүүдэд АНУ-ын армийн оролцоог хязгаарлахаа амласан нь Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украин улсын явуулж буй тэмцэлд хүнд тусаж магадгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!