Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Уламбаяр: Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос үл хамааран Монгол Америкийн стратегийн гуравдагч хөршийн харилцаа амжилттай хөгжинө

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 5-нд явагдлаа. Одоогоор дүнг нэгтгэж байгаа юм. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар санал хураалт дууссанаас хойш 24 цагийн дотор урьдчилсан дүн гарах боломжтой гэж буй. 

Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй энэхүү сонгуулийг ажиглах өдөрлөгийг АНУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр зохион байгуулсан юм. Арга хэмжээнд Монголд амьдарч буй америк иргэд, дипломат албаныхан, судлаачид оролцлоо. 

Энэ үеэр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, профессор, хүндэт дипломат Д.Уламбаяраас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн онцлог, сонгуулийн үр нөлөө олон улсад ямар байх талаар байр суурийг нь тодрууллаа. 



Орос, Украины дайн, Ойрх Дорнодын асуудал...

Профессор Д.Уламбаяр "Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос хамаарч олон улсын харилцааны геополитикийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал хэрхэн шийдэгдэх нь харагдана.

Тухайлбал Орос, Украины дайны асуудал хэрхэн яаж шийдэгдэх вэ, Ойрх Дорнодын асуудал хэрхэх вэ нь анхаарал татаж байна. Хамас, Хезболла бүлэглэлийн ард Иран бий. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Ираны эсрэг хатуу байр суурьтай байдаг. Хэрэв дахин сонгогдвол хатуу байр сууриа үргэлжлүүлж, Израилийг дэмжих болов уу. 

Европын Холбооны улсуудын удирдагч нар Камала Харрисыг дэмжих хандлагатай байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын канцлер Олаф Шольц Камала Харрисыг дэмжиж байгаагаа бараг ил тод хэлчихсэн.

2016-2020 онд АНУ НАТО хоёрын хооронд холбоотны харилцаанд асуудал тулгарч байлаа. Дональд Трамп тухайн үед НАТО-г үеэ өнгөрөөсөн байгууллага гэж тэмдэглэсэн нь бий. Гэтэл Орос, Украины дайнтай холбоотойгоор НАТО улам өргөжиж, Финланд, Швед улс элссэнээр 32 гишүүнтэй болсон. Мөн дайнтай холбоотойгоор сүүлийн гурван жилд НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ийхээ хоёр ба түүнээс дээш хувиар өсгөөд байна. 

Дональд Трамп өмнө нь НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа хоёр хувьд хүргэх ёстой, түүнийгээ биелүүлэхгүй байгаа учир АНУ НАТО-д өгөх санхүүжилтээ хумина гэж мэдэгдэж байсан. Харин одоо бол энэ асуудал өөрчлөгдөх байх.  

Мөн тэрбээр Орос, Украины дайныг зогсоох байр суурь илэрхийлээд байгаа. Тодруулбал Зүүн Украины нутаг дэвсгэр буюу Луганск, Донецк, Запорожье, нэмээд Крымын хойгийг олон улсын эрх зүйн дагуу ОХУ-д нийлүүлсэн одоогийн статусыг хүлээн зөвшөөрөх үндсэн дээр дайныг зогсоох чиг шугам ажиглагдаж байна. Түүнчлэн дайны улмаас асар их хэмжээний хүн хүч, хөрөнгөөр хохирч байгаа учраас цаашид АНУ санхүүжүүлэх талаар амлаж чадахгүй гэсэн. Иймд Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол ОХУ Украинд явуулах цэргийн ажиллагаа улам идэвхжих магадлалтай" гэсэн юм. 

Солонгосын хойг...

Харин Солонгосын хойгийн асуудлаар "Солонгосын хойг бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болоод байна. Учир нь Өмнөд Солонгост 58,000 гаруй монгол иргэн ажиллаж амьдарч, сурдаг.

2022 оны эцэст Дэлхийн Банкны ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын мэдээлснээр Өмнөд Солонгосоос Монгол руу жилд 250-300 сая ам.доллар гуйвуулж байна. Энэ бол эргэн төлөгдөхгүй шууд хөрөнгө оруулалт. Солонгосын хойгт байдал хурцадвал Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал хөндөгдөнө. 

Сүүлийн үед Орос, Хойд Солонгосын хамтын ажиллагаа батлан хамгаалах салбарт эрчимжлээ. Энэ онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгост айлчилсан. Айлчлалын гол онцлог нь Иж бүрэн стратегийн гэрээ байгуулсан. Гэрээний зарим заалт нь бидэнд тодорхой бус байсан бол саяхан Казанд болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн хуралд АНУ-ын сэтгүүлчийн асуултад ОХУ-ын ерөнхийлөгч хариулахдаа гэрээний 4 дүгээр зүйлд хоёр улс дайны байдалд байгаа нөхцөлд бие биедээ цэрэг зэвсгийн тусламж үзүүлнэ. Манай хоёр улсын хоорондын харилцааны асуудал бусдад хамаагүй гэх утгатай үг хэлсэн.

Гэтэл НҮБ-ын хориг арга хэмжээтэй улстай цэргийн талын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа нь НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчиж байна гэж олон улсын мэргэжилтнүүд шүүмжилж байна. Эдгээр үйл явдал нь Хойд Солонгос болон ОХУ цэргийн холбоотны түвшинд хүрснийг илтгэж байгаа юм. Хойд Солонгосын 11,000-12,000 цэрэг Оросын фронт дээр ирчихсэн, үүнээс 3,000 нь Курск чиглэлд байрлаж байгаа. Хойд Солонгос ойрын 60 гаруй жилийн хугацаанд ямар нэг байлдаанд оролцоогүй, орчин үеийн дайны туршлага байхгүй гэхэд болно. Иймд тэд туршлага хуримтлуулж байна. Энэ нь Өмнөд Солонгосын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл болно. Асуудал ихээхэн хурцдаж байгаа. 

Дональд Трамп бол АНУ-ын ерөнхийлөгчийн албаа хашиж байх хугацаандаа Хойд Солонгост хөл тавьсан анхны ерөнхийлөгч. Ким Жон Унтай маш сайн хувийн харилцаа тогтоосон. Энэ нь бүс нутгийн асуудал эерэг нөлөө үзүүлэх магадлал бийг үгүйсгэх боломжгүй.

Камала Харрис сонгогдвол Жо Байдены бодлого үргэлжлэх тул илүү тайлбар байхгүй болов уу" гэв.

"Дональд Трамп сонгогдвол Парисын хэлэлцээрээс дахин гардаггүй юм гэхэд санхүүжилтээ зогсоох болов уу"

Дэлхий нийтэд тулгамдаж буй нэг чухал асуудал нь уур амьсгалын өөрчлөлт. Үүнтэй холбоотой нэр дэвшигчдийн байр суурийн талаар хүндэт дипломат Д.Уламбаяр "Америкийн ард түмэн сонгуулийн үр дүнг шийднэ. Одоогийн байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг харахад Бүгд Найрамдах Намыг сонгодог болон Ардчилсан Намыг сонгодог гэх мужууд тэр дагуудаа сонголтоо хийж байна. Харин хөвөгч зургаан мужийн үр дүн гараагүй байна. Тэнд л шийдэгддэг. Маш өрсөлдөөнтэй явагдаж байна. 

2024 оны аравдугаар сарын 1-ний байдлаар АНУ-ын ДНБ бараг 30 их наяд ам.доллар. Дэлхийн эдийн засгийн 1/3-ыг АНУ бүтээж байгаа. Энэ том гүрний ерөнхийлөгч хэн байхаас их зүйл шалтгаална. 

Дараагийн нэг анхаарах асуудал нь уур амьсгалын өөрчлөлт. 2015 оны Парисын суурь хэлэлцээрээс Дональд Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа 2017 онд гарсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг нь хэн нэг тэнэг этгээдийн бодож олсон зүйл гэж мэдэгдэж байлаа. Жо Байден ерөнхийлөгч болоод Парисын гэрээнд нэгдэж орсон ч хэрэв Дональд Трамп ерөнхийлөгч болбол дахин гардаггүй юм гэхэд санхүүжилтээ зогсоох болов уу. 

Дотоодын сонгогчдынх бодол санаа хуваагдмал байгаа. Харин Европ, Ази тив Камала Харрисыг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. Латин Америк бол хуваагдмал байна. Дэлхийн хэмжээнд сонирхолтой дүр зураг ажиглагдаж байна. 

Монголын цагаар өдөр гэхэд хэн ялах нь бараг тодорхой болох байх. Энд ганц зүйл тодорхой бий нь АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос үл хамааран Монгол Америкийн стратегийн гуравдагч хөршийн харилцаа амжилттай хөгжинө" гэлээ.