Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тэмцэгч Грета Тунбэрг тусламжийн ачаа тээвэрлэсэн хөлөг онгоцоор Газын зурвас руу хөдөлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Уур амьсгалын хөдөлгөөний идэвхтэн Грета Тунбэрг өөрийн 11 нөхдийн хамт Ням гарагийн үдээс хойш тусламжийн ачаа хүргэх тэнгисийн хөлгөөр Газын зурвас руу хөдөлснийг зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Тэдний зорилго Газын зурваст гаднаас тусламжийн ачаа нэвтрүүлэхийг хориглож буй Израилийн хаалтыг “тас цохих“ гэнэ.

“Freedom Flotilla Coalition” нэртэй хөдөлгөөний эзэмшдэг Madleen дарвуулт хөлөг онгоц өчигдөр Италийн Сицили арлын Катаниа боомтоос хөдөлжээ.

Замд гарахын өмнө зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Тунбэрг “Бид ямар ч саад бэрхшээлийг давахыг хичээх болно. Учир нь бид ингэх оролдлогоо зогсоовол хүн чанараа алдах юм. Энэ ажил хэчнээн аюултай байсан ч одоо үргэлжилж буй геноцидыг дэлхий нийтээрээ чимээгүй ажиглаж суухаас илүү аюултай биш юм” гэж ярихдаа нүднээсээ нулимс дуслуулж байв.

Өнгөрсөн сарын дундуур Израилийн эрх баригчид Газын зурваст гурван сарын турш тогтоосон бүслэлтээ бага зэрэг сулруулж, тусламжийн ачааг хязгаарлагдмал хэмжээнд нэвтрүүлэх болсон юм.

Одоо Газын зурвасын оршин суугчид өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа.

НҮБ-ын агентлагууд үүний дараа ажиллагаагаа идэвхжүүлсэн ч Израилийн хориг, Газын зурвас дахь эмх замбараагүй байдал, дээрэм тонуул тэндхийн хоёр сая орчим палестинчуудад тусламжийн бараа хүргэхэд маш хэцүү болгож буйг мэдээлж байна.

Madleen хөлгийн багт Тунбэргээс гадна “Game of Thrones” цувралын ирланд жүжигчин Лайам Каннинхэм, Европын Парламент дахь палестин гаралтай Францын гишүүн Рима Хассан нар багтжээ.

Хассан нь Газын зурвас дахь Израилийн үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө хилийн хориг тавиулсан хүн юм.

Хэрвээ Madleen хөлөг онгоц замдаа саатахгүй бол долоо хоногийн дараа Газын эрэгт хүрэх юм байна.

Тунбэрг энэ сарын эхээр Газын зурваст тэнгисээр аялан хүрэх гэж байсан ч Мальта улсын ойролцоо олон улсын усан бүсэд Freedom Flotilla хөдөлгөөний өөр нэг хөлөг Conscience дроны халдлагад өртсөний улмаас цуцлагдаж байжээ.

Уг халдлагыг Израилийн талаас явуулсан хэмээн тухайн үед сэжиглэж байв.

 

Эх сурвалж: Associated Press